Байлдагч Ж.Баярцогт шинэ байранд орохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.18-нд нийтлэгдсэн

Байлдагч Ж.Баярцогт шинэ байранд орохоор боллоо

Байлдагч Ж.Баярцогт шинэ байранд орохоор боллоо

Эх орноо хамгаалахаар тангараг өргөж, эр цэргийн албанд татагдсан цэл залуухан байлдагч Ж.Баярцогт хөлийнхөө есөн хуруугаа тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болсон харамсалтай мэдээ бий. Энэ хэрэг явдал одоогоос хоёр жилийн өмнө Дорноговь аймгийн Зүүнбаян дах цэргийн ангид гарсан билээ.

Бид Ж.Баярцогтыг дахин уншигчидтайгаа уулзуулахыг зорьж түүнтэй холбогдсон юм. Тэрбээр бидэнтэй уулзахыг зөвшөөрч “Орой манайд ирээрэй. Бидний хандивын аян өнөөдөр дуусах учраас хөл хөдөлгөөн ихтэй байна” хэмээн утсаа таслав. Ингээд тэднийд зочлохоор болж 22.00 цагийн орчимд Чингэлтэй дүүрэгт байрлах гучин хоёрын тойрог өөд өгслөө. Хоёр машин зөрөлгүй шахам нарийнхан гудамжны үзүүрт харагдах таван ханатай гэрт орлоо.

Ж.БАЯРЦОГТ ШИНЭ БАЙРАНД ОРОХООР БОЛЛОО

Ж.Баярцогт биднийг эхнэр, охин болон хандивын аян зохион байгуулж буй хүмүүсийн хамтаар угтлаа. Тэд биднийг амсхийх сөхөөгүй хандивын аяны талаар сошиалаар тасралтгүй лайв хийж байв. Хэсэг хүлээсний эцэст хандивын аяныг зохион байгуулж буй дуучин Э.Энх-Эрдэнэ бидэнд мэдээлэл өгөв. Тэрбээр “сар шинийн өмнөхөн Ж.Баярцогт дүүгээ телевизээр хараад сэтгэл их өвдсөн. Тэгээд дүүгээ шинэ гэр, оронтой болгохоор зорьж энэхүү хандивын аяныг эхлүүлсэн. Өнөөдөр хаалтын өдөр болохоор тун завгүй байна.

Одоогийн байдлаар 50 сая 300 мянган төгрөг хандиваар цугларчээ.

Бид энэ мөнгөөр хос хоёрыгоо ирэх долоо хоногт шинэ байранд оруулна гэсэн бодолтой байгаа. Монголчууд нэгэндээ тусалъя гэсэн сайхан сэтгэлээр нэгдэж биднийг харамгүй дэмжлээ. Энэхүү аяны дээжээс Ж.Баярцогт дүүтэйгээ ярилцаж байгаад амиа алдсан цэргийн ар гэрийнхэнд сэтгэлийн дэм өгнө гэсэн бодолтой байна. Монголчууд маань харамгүй сайхан дэмжлээ. Бид дүүгийнхээ байрныхаа мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно” гэв.

АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ УЧРААС ЭХНЭР МААНЬ ГЭР БҮЛЭЭ АВЧ ЯВДАГ

Хоёр цаг хүлээсний эцэст хандивын аяны лайв өндөрлөж, Ж.Баярцогттой ярилцах боломж олдлоо. Энэ мөчид түүний нүдэнд нулимс цийлгэнэж монголчууддаа баярлаж буй сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

-Хандивын аян амжилттай өндөрлөж, удахгүй шинэ гал голомтоо бадраах гэж байгаа юм байна. Юуны түрүүнд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Дуучин Э.Энх-Эрдэнэ ахдаа маш их баярлалаа. Нийт монголчууддаа манай гэр бүлд тусалж, сэтгэлийн тус дэм болж байгаад үнэхээр их баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Хэлэх үг олдохгүй их сайхан санагдаж байна. Манай монголчууд сэтгэл нэгдээд бусаддаа дэм болж чаддаг гэдгийг өнөөдөр харлаа.

-Энэхүү хандивын аян хэзээ эхэлсэн юм бол? Нийт хэчнээн сая төгрөг цугларсан юм бол?

-Надад тохиолдсон явдлаас хойш хоёр жилийн дараа Зүүнбаянд цэрэг дахин амиа алдсан хэрэг гарлаа. Миний хэрэг бараг мартагдах шахаж байхад саяхан дахин сөхөгдсөн нь энэ юм. Өнгөрөгч нэгдүгээр сард Парламент телевизэд ярилцлага өгч байхад Э.Энх-Эрдэнэ ахын гэргий намайг олж хараад энэ хүүд хандив өргөж тусалмаар байна гэсэн юм билээ. Э.Энх-Эрдэнэ ах манайд ирэхдээ таван зуун мянган төгрөг хадаг сүүтэй ирж надтай уулзаж байсан. Тухайн үед бэлэгшээж энэ 500 мянган төгрөг 500 сая болох болтугай гэж хэлсэн. Өнөөдөр тэр үг биеллээ олчихсон байгаад их баярлаж байна.

– Цэргийн ангид тохиолдсон явдлаас хойш амьдралд чинь ямар өөрчлөлт гарсан бэ?

-Би 2016 онд өөрийн хүсэлтээр цэрэгт явсан. 2017 оны нэгдүгээр сарын 23-нд харуулд гарч байгаад харуулын даргадаа дэглүүлж хөгжлийн бэрхшээлтэй болж хоцорсон. Дараа нь 2017 оны нэгдүгээр сарын 24-нд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээсээ гуравдугаар сарын дундуур гарсан юм. Тухайн үед сэтгэлээр уначихсан байхад эхнэр минь надад урам өгсөн. Эхнэр маань над руу фэйсбүүкээр чат бичсэнээр бидний харилцаа эхэлсэн түүхтэй.

-Гэр бүлтэй зохиож эхлэхэд эрэгтэй хүний үүрэг хариуцлага улам нэмэгддэг шүү дээ. Чиний хувьд гэр бүлээ авч явахад бэрхшээлтэй зүйл нь юу байв?

-Эрүүл мэндээрээ хохирсноос болоод ажил хийх чадамжгүй болсон. Энэ хугацаанд манай эхнэр ажил хийж намайг тэжээдэг байсан юм. Би группийн мөнгөөрөө байрныхаа түрээсийг төлчихдөг манай эхнэр хоол унд ахуйн хэрэглээтэй зүйлсээ цуглуулдаг. Өөрөөр хэлбэр эхнэр маань энэ гэр бүлийг авч явдаг юм. Би дотроо ажил хийхгүй бол болохгүй юм байна даа гэж бодогддог үе зөндөө бий. Миний эхнэр үнэхээр гайхалтай. Эхнэрээрээ бахархаж, хүндэлж, хайрлаж явдаг. Бид хоёр саяхан хөөрхөн охинтой болсон байгаа.

-Эхнэр чинь чамд урам зориг өгдөг байсан гэв үү. Эхнэртэйгээ хэрхэн танилцсан юм бэ?

-Манай хүн анх надруу сэтгэлийн дэм хайрлаж фэйсбүүкээр чат бичиж байсан. Юу бичсэнийг нь одоо сайн санахгүй байна. Тухайн үед чат бичээд дараа нь би зураг руу нь орж харчхаад ямар хөөрхөн охин бэ намайг тоох юм болов уу даа гэж бодсон. Бид хоёр хамгийн анх 2017 оны тавдугаар сарын 31-нд уулзаж билээ. Түүнээс хойш холбоотой байсаар байгаад нэг л мэдэхэд нэг гэрт орсон. Ер нь эхнэрийнхээ хүчинд цаашид амьдрах хүсэл эрмэлзэлтэй болсон.

-Цаашдаа ямар ажил хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Саяхан жижиг дунд үйлдвэрлэлийн сургалтын төвөөс ажлын санал ирсэн.  Тэдгээр хүмүүст хандан хэлэхэд надад тусалъя гэсэн сэтгэл гаргаж байгаад маш их баярлалаа. Би хичээж ажиллах болно.

-Алхаж гишгэхэд ямар нэгэн хүндрэл гарч байна уу?

-Одоогоор хөл маань идээлчихсэн боолт хийлгэсэн байгаа. Ер нь удаан алхахаар идээлчхээд байдаг юм. Дааруулаад бохир оруулах юм бол цаашаагаа улам идээлээд хөлөө тайруулах шахам хэрэг гарна шүү гэж эмч хэлж байна лээ. Өдөртөө дээд тал нь 10-20 минут алхдаг. Хөлөө аль болох дааруулахгүй, удаан алхахгүй байхыг хичээдэг.

Зүүнбаян дах цэргийн ангид өнгөрөгч нэгдүгээр сард цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа шүү дээ. Цэргийн алба хаасан хүний хувьд цэргийн ангийн дэглэлтийн талаар ямар бодолтой явдаг вэ? 

-Цэрэгт тодорхой хэмжээнд дэг байх хэрэгтэй. Гэхдээ зодож нүдээд, хүний амь насанд нь хүрэх, эсвэл тахир дутуу болтол нь хохирооно гэдэг бол байж боломгүй зүйл. Энхийн цагт олон аавын үрс өөрийн хүсэл, сонирхлоороо цэрэгт явж байгаа. Аав ээждээ үнсүүлээд эр хүн болно оо гээд явахдаа амиа алдаж, тахир дутуу болно гэж хэн санах билээ. Дэндүү харамсалтай. Өөрийнхөө сонирхол хүслээр явж буй залуучуудыг хохироож амь насанд нь халдсан асуудалд батлан хамгаалахын сайд, дарга нар хариуцлага хүлээх ёстой. Тэд яагаад одоог хүртэл хариуцлага хүлээхгүй чимээгүй яваад байгаа юм. Хэрвээ чимээгүй яваад байвал дахин ийм хэрэг гарахыг үгүйсгэхгүй.

-Чиний хэргийг хаасан гэж сонсон энэ үнэн үү?

-Намайг зодсон ахлагчид 2.6 жилийн тэнсэн өгсөн. Би түүнээс 15 сая төгрөг нэхэмжилсэн. Гэвч тэр мөнгийг баримт дээр тулгуурлан авах ёстой байдаг юм билээ. Тухайн үед надтай нийлээд найман цэрэг шийтгүүлсэн. Нийтдээ таван цаг гаруй гадаа зогссон. Бид нарын хувцсыг тайчуулаад нүцгэн гүйлгэсэн. Аз болоход гар маань хөлдөөгүй байсан.

ОЛОН ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ САЙХАН АМЬДРАХ БОЛНО

Бяцхан охиноо элгэндээ тэврэн нүүрэндээ мишээл тодруулан суугаа бүсгүйг Д.Отгончимэг гэдэг. Тэрбээр Ж.Баярцогттой амьдралаа холбон охинтой болжээ. Бүсгүй одоогоор хүүхдээ хараад гэртээ суугаа бөгөөд Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг юм байна. Түүний сэтгэгдлийг нь асуухад “Бид хоёр ханилаад хоёр жил болж байна. Би Баярцогтыгоо телевизээр хараад сэтгэлийн дэм өгөхөөр анх мессеж бичсэн. Баярцогтоос чатны хариу ирэхэд цаанаасаа баярлаад ямар гоё юм бэ гэсэн сэтгэл төрсөн. Анх уулзахад Баярцогт надад их таалагдсан. Сэтгэл зөөлөнтэй, зөв боловсон зантай, цэвэрч нямбай, халамжтай залуу шиг санагдаж билээ. Түүнтэй үерхэхэд аав ээж минь их дургүйцсэн. Гэхдээ энэ хүнд хайртай болохоор холдож чаддаггүй байсан. Тэгээд энэ байдлаа ээжтэйгээ ярилцаж үзсэн. Ээж маань сүүлдээ бид хоёрыг хүлээн зөвшөөрч хоёулаа биш гурвуулаа болчихсон болохоор миний гурван хүүхэд сайхан амьдар. Ээж нь та гуравтаа өөр хүсэх вэ дээ гэж захисан. Одоо бид хоёр сайхан охинтой болоод амьдарч байна. Олон түмнийхээ итгэлийг алдахгүй сайхан амьдрах болно” гэлээ.

ДАХИАД НЭГ ХҮҮГЭЭ ЦЭРЭГТ ЯВУУЛНА ГЭХЭЭС АЙДАГ

Ж.Баярцогтын ээж Б.Жаргалсайхан гуай нулимсаа тэвчилгүй баярын нулимс унагаах аж. Тэрбээр “Манай хүү цэрэгт яваад хөлийн хуруунуудаа тайруулаад ирсэн. Гэхдээ эсэн мэнд ирсэнд нь их баярладаг. Дахиад олон хүүхэд битгий хохироогоосой гэж хүсч байна. Ээжийн олон хүүхдийг авч явчхаад амь нас, эрүүл мэндээр хохироож болохгүй. Цаана нь эцэг эхийн сэтгэл ямар их шаналж байгааг мэдэхгүй шүү дээ. Миний хүүг тусалж дэмжсэн хамт олонд талархаж байна. Монголчууддаа маш их баярлалаа. Манай ам бүл зургуулаа таван банди нэг охинтой.  Саяхан манай бага хүүд цэргийн зарлан ирсэн. Хүүгээ явуулах гэхээр сэтгэл өвдөөд явуулахыг хүсдэггүй. Хорооны дарга зарлан ирлээ гэхэд хариуд нь эхийн сэтгэл ямар байдгийг та нар мэдэхгүй гэж хариулдаг” гэж нулимс дуслуулан хэлж байлаа.

Үүний дараа хандивын аяныг хэрэгжүүлэгчидтэй цөөн хором уулзсан юм. Тэдний нэг болох Ё.Алтанхүү “Ж.Баярцогт дүүд туслах хандивын аян маань үнэхээр ард түмнийхээ дэмжлэгтэйгээр маш сайхан болж өндөрлөлөө. Монголын ард түмэнд маш их талархсанаа илэрхийлмээр байна. Та бүхний минь хүч юутай ч зүйрлэшгүй. Хамгийн анх Ж.Баярцогтыг фэйсбүүкээр бичлэгийг үзээд уйлсан. Тиймээс дуучин Э.Энх-Эрдэнийг зорьж энэ хандивын аяныг дуустал нь хамт үргэлжлүүллээ” хэмээн ярилаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
368
ЗөвЗөв
39
ХөөрхөнХөөрхөн
22
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж