АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачид нэвтрэхээс сэргийлж, өмнөд хил дээрээ хамгаалалтын хана бариулахын тулд сөрөг хүчнийхэнтэй санал зөрөлдөж, улмаар Засгийн газрын ажил түүхэнд байгаагүй удаан хугацаанд түр зогссон билээ. Мексикийн хил дагуу хамгаалалтын хана барих нь түүний Ерөнхийлөгч болохдоо иргэдэд амласан гол амлалтуудын нэг. Тиймээс ч түүнийгээ биелүүлэхийн тулд байсан уу, эсвэл үнэхээр хууль бус цагаачдын асуудал хана барих хэмжээнд хүртлээ даамжирсан уу, ямартай ч тэр сөрөг хүчнээс дэмжлэг авч чадахгүй бол өөрийн чадах бүхнээ хийж, онц байдал зарлаад ч болов ханыг бариулна гэж мэдэгдсээр байв.
Тэгвэл АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч хэлсэндээ хүрч Баасан гаригт /2019.02.15/ улсынхаа өмнөд хилийн бүсэд онц байдал зарлалаа. Энэ талаар анх Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс Ерөнхийлөгчийн гарын үсэг зурж буй зургийг “Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй өмнөд хилийн хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхээр онц байдал зарлах тогтоол үйлдэж байна” гэсэн тайлбартайгаар өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн байна. Удалгүй Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн биеэр мэдэгдэл хийж онц байдал зарлаж буйгаа мэдэгджээ.
Тэрбээр мэдэгдэлдээ “Би өнөөдөр АНУ-ын өмнөд хил дээр онц байдал зарлаж байгаагаа мэдэгдэхээр энд ирээд байна. Энэ бол миний хийж байсан хамгийн агуу зүйл. Учир нь улс оронд минь хууль бус цагаачид нэвтэрснээс болж хар тамхи мансууруулах бодис ихээр орж ирж, зэрлэг балмад халдлагууд үйлдэгдэж, иргэдийн аюулгүй тайван амьдрах эрхэд халдаж байна. Бид үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Миний өмнөх ерөнхийлөгчид маш олон удаа онц байдал зарлаж байсан. Ялангуяа экс ерөнхийлөгч Барак Обама. Би тэдний нэгэн адил өөрийн бүрэн эрхийн хүрээнд төсвөөс хөрөнгө гаргуулж, өмнөд хил дээр 376 км хамгаалалтын ханыг бариулах болно. Үүнийг зөвхөн сонгуулийн амлалт гэж ойлгож болохгүй. Бүх америкчууд хар тамхи, гэмт хэрэг, халдлагуудыг зогсоохыг хүсч байгаа. Хэзээ бүтэх нь тодорхойгүй конгрессийн дэмжлэгийг хүлээж суух цаг алга. Бидний дуусгаагүй үлдээсэн ажлыг өөр хэн ч гүйцээхгүй. Тиймээс би өөрийн эхлүүлсэн ажлаа заавал дуусгамаар байна. Үүнийг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй байна” хэмээн дурджээ.
Ийнхүү онц байдал зарласнаар түүнд заавал сөрөг хүчнийхний буюу конгрессийн дэмжлэгийг хүлээх шаардлагагүй болж, төсөвт суулгасан онцгой нөхцөлд ашиглах мөнгөн сангаас найман тэрбум ам.долларыг гаргуулан авах эрх үүсч байгаа юм. Цагаан ордноос мэдээлж байгаагаар хана барихад нийт найман тэрбум ам.долларыг төсвөөс гаргуулах юм байна. Задалж үзвэл конгрессын төсвөөс 1,3 тэрбум, Сангийн яамны сангуудаас 600 сая, Батлан хамгаалах яамны хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хөтөлбөрөөс 2,5 тэрбум, мөн яамны объект барих зэрэг хэрэгцээний төсвөөс 3,6 тэрбум ам.долларыг тус тус гаргуулах ажээ.
1976 оноос хойш АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчид янз бүрийн шалтгаанаар нийт 58 удаа онц байдал зарлаж байжээ. Хамгийн сүүлд 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа терроризмтай тэмцэх зорилгоор онц байдал зарласан байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анх Мексик улстай залгаа хил дээр хана барихад 5,7 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн мэдэгдэж байсан. Харин онц байдал зарласнаар найман тэрбум ам.доллар гаргуулах эрх бий болсон. Яагаад өмнө нь хэлж байсан мөнгөн дүнгээс даруй 2,3 тэрбумаар илүү байгааг “Манай улсын төсөвт маш их хөрөнгө мөнгө бий. Харин сөрөг хүчнийхэн үүнийг маш их нарийлж, шаардлагатай тохиолдолд ч төсвийг зарцуулахаас зайлсхийж байна. Энэ зөрүү мөнгө нь эрх баригчдад хана барихад хөрөнгө мөнгө хангалттай бий гэдгийг харуулах үүднээс нэмэлтээр төсөвлөгдсөн” хэмээн тайлбарласан байна.
Дональд Трампын онц байдал зарласан мэдэгдлийн дараа конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын олонх болсон Нанси Пелоси тэргүүтэй Ардчилсан намынхан түүний энэ үйлдлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэж үзээд, шүүхэд хандан таслан зогсоох арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна. Ардчилсан намын гишүүн Бесерра өмнөд хилийн байдал онц байдал зарлах хэмжээнд хүрсэн гэж үзэхгүй байгаагаа илэрхийлээд “Цагаачдын асуудал онц байдал зарлах хэмжээний асуудал биш. Харин Ерөнхийлөгчийн тархи толгой бүхэлдээ сонгуулийн амлалтаар дүүрсэн байна” хэмээн хэлжээ.
Онц байдал зарлах тухай хуульд зааснаар Холбооны Засгийн газрын хоёр танхим зөвшилцөлд хүрч, Ерөнхийлөгч хориг тавиагүй тохиолдолд онц байдлыг таслан зогсоох эрхийг конгрессийн танхимд олгосон байдаг. Одоогийн байдлаар конгрессийн танхим буюу доод танхимд Ардчилсан нам олонх, сенатын танхим буюу дээд танхимд Бүгд найрамдахчууд олонх байгаа юм. Гэхдээ Дональд Трампын намаас түүний шийдвэрийг хууль бус гэж үзэж буй гишүүд ч бас бий. Эцсийн дүндээ ямар ч шийдвэр гарсан бүх шийдвэрт Ерөнхийлөгчийн гарын үсэг шаардлагатай юм.
Эх сурвалж: BBC, CNN, WASHINGTONPOST
Холбоотой мэдээ