Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Хотын даргаар томилох НИТХ-аас ирүүлсэн хүсэлтийг батламжлахгүй гэх хариугаа өнгөрсөн Баасан гаригт НИТХ-д хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын хуралдаанаас хамгийн өндөр санал авч, нэр дэвшсэн С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзаж байна гэсэн үг. Тиймээс одоо МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд НИТХ-ын үүнийг нь хэлэлцэх юм. Харин энэ асуудлаар НИТХ-ын тэргүүлэгчид болон НИТХ хуралдаж, нууц санал хураалт явуулснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг батламжлах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлэх юм.
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ,
ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ:
- 26.2.Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.
- 26.3.Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.
- 26.4.Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 26.4-т зааснаар НИТХ 15 хоногийн дотор Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд түүнийг нь Ерөнхий сайд тав хоногийн дотор багтаан томилох, батламжлах юм.
Тэгвэл дараагийн Хотын дарга хэн болох, ирэх 2020 оны сонгуульд МАН-д ялалт авчирч, хотын намаа ялуулах хэн байж болох вэ. Яг энэ өдрүүдэд МАН-ын удирдлагын түвшинд хамгийн их яригдаж буй асуудал бол дараагийн Хотын даргын асуудал юм. МАН дотор одоогоор Хотын даргад хэнийг дэвшүүлэх вэ гэдэг дээр санал нэгдээгүй бөгөөд хэд хэдэн хувилбарыг ярилцаж байгаа гэнэ.
ГОРИЛОГЧИД ХЭН БЭ?
Хотын даргад өрсөлдөхөөр хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа бөгөөд дөрвөн хүн Хотын дарга болох сонирхолтой байгаагаа намынхаа удирдлагад хэлжээ. Түүнээс гадна МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг дараагийн Хотын дарга болох боломжтой хувилбар гэж ч МАН дотор яригдаж байгаа гэнэ. Ингэхдээ ирэх жил гаруй хугацаанд намаа зангидаж, зоригтой шийдвэр гаргаж чадах хүнийг дараагийн Хотын даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байгаа гэнэ. Одоогоор энэ нөхцөлийг нь хамгийн сайн биелүүлэх хүн нь МАН-ын генсек гэх яриа ч улс төрийн хүрээнд яригджээ. Түүнээс гадна НИТХ дотроос бус гаднаас томилох нь зөв гэсэн санал ч гарчээ. Мөн сая өрсөлдөөд Ерөнхий сайдад “гологдсон” С.Мөнхчулууны хувьд ч дахин өрсөлдөх бодлоо гээгээгүй бөгөөд түүнд боломж ч бий. Харин энэ удаагийн өрсөлдөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан байхгүй байгаа тухай МАН-ын гишүүд хэлж байна. Ямартай ч одоогоор албан ёсоор Хотын даргын нэр тодорч, эцэслээгүй байгаа юм. Энэ асуудал энэ долоо хоногийн улс төрийн тэр дундаа МАН дотор яригдах, тохиролцох сэдвийн нэг байх болов уу.
Сануулахад, 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хотын даргыг түр орлогчоор Ж.Батбаясгаланг томилсон юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ