Монголбанкны дэргэдэх эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Улстөрчид, салбарынхан “Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрлээ гэж сайрхацгаах юм. Эдийн засгийн өндөр өсөлт хүн амын магадгүй 10-хан хувьд нь асар хүчтэй мэдрэгдэж, үлдэж буй 90 хувьд нь наалдахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Эдийн засгийн өсөлт айл өрх бүр, аж ахуй нэгжүүдийн хаалгаар нь орж тэдэнд мэдрэгдсэнээр хүртээмжтэй, тогтвортой өсөлт болж байгаа юм. Ингэсний үр дүнд статистикаас гаргасан мэдээ болон төрийн түшээдийн хэлдэг эдийн засгийн өсөлтийн тоонд иргэд итгэнэ гэсэн үг. Эдийн засгийн бодит өсөлт гэдэг нь үнийн нөлөөллийг арилгасан өсөлт юм. 2015 онд эдийн засгийн өсөлт уруудаж, 2016 оны зарим улиралд хасах руугаа орсон. Эдийн засгийн өсөлтийг хардаг гурван нүдний нэг дэх нь үйлдвэрлэлийн нүд гэж нэрлэдэг. Энэ нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, үйлчилгээний салбарт нэмэгдсэн өртгийн нийлбэрээр тухайн жилийнхээ зэрэгцүүлсэн үнээр дотоодын нийт бүтээгдэхүүний нийлбэр нь болдог.
Хоёр дахь нүдийг зарлагын талаас нь тайлбарладаг. Эдийн засгийн өсөлт 6.2 хувь гэж үзвэл эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэгч хүчин зүйлд хөдөө аж ахуй, аж үйлдвэр багахан хэсгийг уул уурхай болон үйлчилгээний салбар ихэнх хувийг бүрдүүлж байна. Үүн дээр нэмээд бүтээгдэхүүний цэвэр татвар буюу НӨАТ, онцгой албан татвар энэ бүхний нөлөөллөөр эдийн засгийн өсөлт 6.2 хувиар хангагдаж байгаа юм. Нөгөө талаас өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, цэвэр экспорт нэмэгдэх хэрээр эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө.
Гурав дахь нүд болох орлогын нүд буюу хөдөлмөр, капиталын орлого хоёр нийлээд тухайн жилийн эдийн засгийн өсөлтийг мөн тодорхойлдог. Манайд голдуу эдийн засгийн өсөлтийг үйлдвэрлэл талаас нь ярьдаг. Сүүлийн гурван жил эдийн засгийн өсөлтөд үйлчилгээний сектор гол хувь нэмрээ оруулсан. Манайд түүхийн эдийн үнийн хөдөлгөөнд хамгийн түрүүнд нөлөөлдөг сектор нь уул уурхайн салбар.
-Таны ярианаас эдийн засгийн хүртээмжтэй бус өсөлт байгаагаас олон хүнд хүрч чадахгүй байна гэж ойлголоо. Цаашид эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй болгохын тулд юу хийх шаардлагатай вэ?
-Бизнесийн орчинд реформ хийх ёстой. Мөн өрхийн бодит орлогыг нэмэгдүүлж, өрийнх нь дарамтыг багасгах шаардлагатай. Өрхийн өр, орлогын харьцаа өнөөдөр 69 хувьд хүрчихсэн. Нийт тэтгэвэр авагч иргэдийн 68 хувийнх нь өр, орлогын харьцаа 90-100 хувь болсон. Энэ нь маш өндөр харьцаа. Өрх бүхэнд улсын төсөвтэй адил баланс гэж бий. Гэтэл энэ баланс нь хасахад хүрч цалин, тэтгэврийн зээлээр үүнийгээ нөхөж байгаа. Тэтгэврийн зээлийн хүүг багасгаж мөн өрхүүдийн орлого олох боломжуудыг нэмэгдүүлэх, зээлийнх нь нөхцөлийг сайжруулах боломж бүрэн бий.
Төр том том мега төслүүдээ ярьсаар мини амьдралаа орхигдуулчихсан. Дэлхийн зах зээлийг хэзээ нэгэн цагт өсөх байх гэсэн горьдлогоор харж тэнгэр дээр эдийн засгийн том том төслүүдээ хараад байна. Гэтэл үүний доор ард түмэн, өрхүүд бий. Цалин, тэтгэврийн зээлтэй сая гаруй иргэнтэй.
–Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр хэвээр л байна. Дэлхийн жишигтэй харьцуулбал хэтэрхий өндөр байгаа зээлийн хүү эдийн засагт дарамт болж байгааг бүгд л ярьдаг. Гэвч зээлийн хүүг хүчээр бууруулж болохгүй гэж хэлсээр өдийг хүрсэн. Ер нь зээлийн хүү буурах боломж бий юу?
-Зээлийн хүүг бууруулах чиглэлд Засгийн газар, Төв банк хоёр хамтарч улирал бүр холбогдох арга хэмжээнүүдийг авч байх ёстой. Өрхийн зохистой харьцааг барихгүй бол өрхүүд зээлийн дарамтад орно гэж Төв банк өөрийнхөө чадах хэмжээнд өр, орлогын харьцааг 70 хувь байхаар баталсан. Энэ нь эдийн засгийн нийт эрэлтэд авч байгаа арга хэмжээ. Хуулиараа Монголбанк нийлүүлэлтийн буюу төсвийн шинж чанартай арга хэмжээг авах боломжгүй. Сүүлийн үед Засгийн газар ханшийн өсөлтийг өөрсдөдөө хамаагүй гэж хэлэх боллоо. Ханшийн өсөлт ялангуяа Сангийн яаманд хамгийн их хамааралтай. Монгол Улсын өр, төсвийн алдагдал нэмэгдвэл ханшийн дарамт улам л бий болно. Ханшийн өсөлт дээр тоглодог хэсгүүдийг олж илрүүлж, ханшийн хэт хэлбэлзлийг ихэсгэхгүй байх нь Төв банкны үүрэг. Харин валютын нөөц, түүхийн эдийн орлогыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын үүрэг. Гэвч энэ чиглэлд Засгийн газар юу ч хийсэнгүй. Гэтэл өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр нь өрөнд орж, нүүрс нь будлиантай, алтны татварыг таван хувь болгоно гээд зах зээлд хүлээлт үүсгэсэн нь алтны татвар төлдөг компаниуд өөрийн эрхгүй нуугдмал байдалд орох нөхцөлийг бүрдүүллээ.
-Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлнэ гэж төр, засгаас ярих хэр нь бодитойгоор дэмжээд байгаа юм үнэндээ алга. Таныхаар экспортоо яаж нэмэгдүүлэх вэ?
-Экспортын дөрвөн гол эх үүсвэр нь зэс, нүүрс, түүхий газрын тос, алт. Алтнаас бусад нь төрийн өмчит компаниудынх. Өөрөөр хэлбэл, валютын нөөцийг бүрдүүлдэг гол компаниуд нь төрийн өмчит. Эдгээр компаниудад төр валютын урсгалд нь мөшгөлт хийх буюу хэнд ямар үнээр, яаж зарж төсвийн орлогоо ингэж нэмэгдүүлнэ гэсэн төсөөллийг төр дутуу хийдэг. Төрийн өмчит компаниудад нь хулгай, будлиан бага гардаг, валютын орлого, экспортын нөөцийг нэмэгдүүлэх иж бүрэн менежмент нэвтрүүлэх шаардлагатай. Түүхий газрын тос, зэс, нүүрсний гэрээнүүд бүгд өнөөдөр ил тод бус байна. Үүнд мэдээж улс төрийн асар их итгэл үнэмшил, шударга байдлыг шаардана. Үүнийг хийх засаглал, улстөрчид байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Тэд нэг бол хүсэхгүй байгаагийнх.
Жижигхэн эдийн засагтай улсаа өөд нь татаад иргэдийнхээ 30 хувийн ядуурлыг багасгаж, дундаж давхаргаа нэмэгдүүлнэ гэсэн амлалтууд нь өнөөдөр алга.
Нийгмийг авч явж байгаа дундаж давхаргыг би “Цөм сүрэг” гэж нэрлэдэг. Цөм сүргийг нэмэгдүүлэх бодлого нь бас л алга. Нэг сайн мэдээ нь ипотекийн зээлийн шинэчилсэн журам л байна даа. Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар анхаарч эхлэв үү гэж харлаа. Гэхдээ нэг эрсдэлтэй зүйл нь ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эдийн засгаа даах, шингээх чадварт нь тааруулахгүй хэтэрхий гоё болгоод өгчихвөл дампуурах эрсдэлтэй. Тухайлбал, 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал моргейжийн хямралаас үүдэлтэй байсан. Өөрөөр хэлбэл орлогогүй, ажилгүй, хөрөнгөгүй хүмүүс ипотекийн зээлд хамрагдаж хямрал бий болсон. Тиймээс өр, орлогын харьцааг маш зөв түвшинд барьж, ипотекийн тогтолцоог нураахгүй байх талаас нь бодлого барих ёстой.
-Шинэ журамд зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байна гэж заасан байсан?
-Тийм байна лээ. Оромжийн ядуурал гэж үзэгдэл бий. Байшингаас болж ядуурахыг хэлж байгаа юм л даа. Олон улсын нэршлээр гараасаа шууд ам руугаа хийх буюу арай гэж зөвхөн хүнсний хэрэгцээгээ хангаж үлдсэнийг нь ипотекийн зээлдээ төлөхийг хэлж байгаа юм. Үүнээс болгоомжилж зээлийн нөхцөлүүдийг сайжруулахад насны бүтцийг харах нь чухал.
Ипотекийн зээлийн найман хувь бол тогтмол хүүгийн систем. Дэлхийн улс орнууд ихэвчлэн хувьсагч хүүгийн тогтолцоотой байдаг. Цаашид хувьсагч хүүтэй болгох шаардлага бий.
-Эдийн засгийн сэргэлт үргэлжилж, зургаан хувийг давж өсөх төлөвтэй байгаа, экспортын үнэ болон гадаад орчин эдийн засгийн идэвхжлийг дэмжин хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг ОУВС-гийнхан онцолдог. ОУВС манай улсын эдийн засгийн чирч байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Монголын эдийн засгийг аж ахуй нэгж, өрхүүд гэсэн энэ хоёр л чирч явна. Бодлогынх нь хувьд ОУВС чиглүүлж байгаа. ОУВС-ийн хөтөлбөр цаашид ч үргэлжлэх болов уу. Яагаад гэвэл үргэлжлэхээс өөр аргагүй нөхцөл байдалтай 2-3 жилийн дараа нүүр тулна. Томоохон зээлүүд төлөгдөнө, дахин өрийн тогтвортой байдлаа хангаж чадах уу гэдэг асуудал тулгарна. Өрийн тогтвортой байдлын үзүүлэлтээр манай улс доогуур түвшинд мөртлөө бидний авч байгаа зээл нь бараг дундаас дээш рүү тэмүүлэх гээд байгаа юм. Бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хэчнээн ч удаа өөрчлөв. Энэ бол хамгийн том алдаа нь.
2019 оны сүүлчээс эхлэн Монгол Улсын хувьд сорилтын жилүүд байх болно. Үүнд одооноос бэлдэж дээр хэлсэнчлэн төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр, “Тавантолгой” ХК, Ашигт малтмал, газрын тосны газар энэ гуравт төр онцгой менежмент хэрэгжүүлж, валютынхаа орлогыг нэмэгдүүлэхээс өөр арга зам байхгүй.
-Сүүлийн үед орд газруудын талаар элдэв шүүмжлэл гарах болсон. Хууль бус үйл ажиллагаа явуулсан орд газруудыг улсад буцааж хурааж авах Ерөнхий сайдын чиглэл, бодлогыг эдийн засагч хүний хувьд юу гэж харж байна вэ?
-Цаад шалтгаан нь зөв байж болох ч хэлбэр нь зохисгүй байна. Тусгай ажиллагаа явуулж байгаа энэ хэлбэр нь хөрөнгө оруулагчдад таагүй сэтгэгдэл төрүүлэх талтай. Дотно, гаднын хөрөнгө оруулагчдад эргэлзээ бий болгоно. Миний сонссоноор баахан мөнгө зарж орд газар олчхоод түүнийгээ нуухыг үгүйсгэхгүй. Төр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаа урамшуулах, итгэл төрүүлэх, эерэг хүлээлт бий болгох энэ бодлогодоо тун муу анхаарч байгаагийн шинж. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг хөрөнгө оруулалтаар л хангана. Эдийн засгийн өсөлтийг найман хувь болгоно гэж ярьдаг атлаа нөгөө гараараа хөрөнгө оруулагчдад сөрөг хүлээлт үүсгэх үйлдэл хийж болохгүй л дээ.
-Зарим улс орон газрын тос, байгалийн хий зэрэг байгалийн баялгаасаа олсон мөнгөө ирээдүйдээ зарцуулахаар болзошгүй хямралын үед хэрэглэхээр тусгай сан байгуулж мөнгөө нөөцөлдөг энэ туршлагыг манай улс хэрэгжүүлнэ гэж сүүлийн үед улстөрчид их ярих боллоо. Байгалийн баялгийн сан байгуулж амжилттай ажиллуулж байгаа орон гэвэл Норвеги улс. Монгол Улс “Баялгийн сан” байгуулж чадах уу?
-Монгол Улс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх л бодлого явуулах ёстой. Байгалийн баялгийг ард түмэнд зөв хуваарилах аргыг дэлхийн улс орнууд хайсаар ирсэн. Үүнээс боломжит модель нь Норвегийн баялгийн сан гэж ярьдаг. Баялгийн санг байгуулахад маш олон нөхцөл шаардагддаг. Манай улс уул уурхайн засаглалаа сайжруулж, уул уурхайн гэрээнүүдийн ил тод байдлыг хангахгүйгээр ийм байдлаар хэзээ ч “Баялгийн сан” байгуулах боломжгүй. Энэ нь эргээд л үр ашиггүй болж хувирч мөнгө хувааж идэх ЖДҮ-шиг сан болгох вий гэсэн болгоомжлол байна. Уул уурхайн засаглал макро эдийн засгийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь гэж үзэх ёстой. Өнөөдөр гэтэл Уул уурхайн ассоциац гэж байгууллага нь дуугарахаа больсон.
Судалгаануудаас харахад, бизнесийн хөрөнгө оруулалтын орчин нь сайжирсан зүйл огт байхгүй. Монгол Улсаас оюун ухаан дайжих төдийгүй хөрөнгө оруулалт дайжих үйл явцыг зогсоохгүй байна. Энэ талаас нь бодох ёстой. Эдийн засаг нь хөгжих хэрээр засаглалын институц нь дагаад хөгждөг гэсэн ойлголтын талаар судалгаанууд болон эдийн засгийн орчин үеийн онолуудын гол үзэл баримтлалд засаглалын институтийнхээ чанарыг сайжруулснаар эдийн засгийн өсөлт тогтвортой, хүртээмж нь өндөр болно гэж үздэг. Нийгмийн 30 хувь нь ядууралтай, дундаж анги нь нийгмээ хөтлөх үүргээ хараахан гүйцэтгэж чадаагүй, иргэд нь төрөө хянаж чаддаггүй, төрийн оролцоо нь үр ашиг муутай ийм улсад Норвегийн сан байгуулна гэж ярьж болохгүй.
Холбоотой мэдээ