Хуучирсан мэдээ: 2015.04.08-нд нийтлэгдсэн

Шинэ цагийн малчид

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА


Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж, өнгөтэй бүхэн сэргэж, үндэстэй бүхэн цэцэглэдэг энэ сайхан цагаар Сэлэнгэ аймгийн Баянгол сум, бидний нэрлэж заншсанаар Баруун­­харааг зорилоо. Энэ нутгийн зон олныг Баруун­хараагийн сангийн аж ахуйн хөдөлмөрч ард түмэн гэдгээр нь андахгүй. Өвөлдөө цас их унаж, малчид, тариаланчдад хүндхэн  бай­гаа тухай мэдээлэгдэж байсан ч хүйтний ам цаа­шилж, хөхүүрийн ам наашлах цагийн эрхээр цас хэдийн ханзарчээ.

Бидний  саатсан эхний айл  Баянгол сумын Гонир багийн малчин Д.Ганбаатарынх. Тэр хавийн 13 айл нэгдэж нарс, хусан ой гэрээгээр эзэмших нөхөрлөл  байгуулжээ. Д.Ганбаатарын аав өндөр настан  Н.Дамдин хүүгийнхээ хоёр хүүхдийг сургуульд сургах “даалгавар”-тай сумын төвд өвөлжиж байгаа гэнэ. Тэрбээр хотоос хүмүүс ирэх сургаар сумын төв дэх  “чухал ажил”-аа түр орхин, хүүгийндээ ирээд байлаа. Өндөр настан Н.Дамдин “Засаг төрийн ажил хүндхэн байгаа  гэсэн мэдээ л гарах юм. Малын хөлийн татвар авна гэсэн асуудал шийдэгдсэн үү… Ноосны урамшууллыг зогсоо­сон гэх юм” гэх зэргээр хотын хүмүүсээс сонин сайхан дуулахыг хичээнэ. Д.Ганбаатарын гэргий  үхрийнхээ сүүг тогтмол нийлүүлэх газар олдохгүй, хүндрэлтэй байгааг дуулгасан.  Нөхөрлөлд нэгдсэн 13 айлаас зундаа өдөрт  нэг тонн сүү нийлүүлэх боломжтой ч сүү сааль дэлгэ­рэхээр хотоос зорьж  ирэх нь бага  байдаг гэнэ. Саяхан л гэхэд нэг компани “Жилийн  турш тонн сүү нийлүүлбэл өдөр бүр өөрсдийнхөө хөргүүртэй машинаар сүүг нь авч байя” гэх санал тавьжээ. Хэдийгээр энэ нь сайхан санал ч өвлийн улиралд яагаад ч тонн сүү нийлүүлэх боломжгүй тул арга буюу гэрээ байгуулахаас татгалзжээ. Зарим компани хэд хоног сүүг нь авчихаад төлбөрийг нь бөөндөж өгнө гээд сураг тасарсан тохиолдол ч байдаг гэнэ.  Сүүгээ цагаан идээ болгоод Улаанбаатарт худалдаалъя гэхээр лангууны түрээсээс эхлээд хүндрэл үүсдэг талаар айл саахалтын эзэгтэй нар ам уралдан ярьцгаана.

Гаднаа жийп машин сойсон, тохилог  гэр, цэмцгэр хашаа  хороотой, эрчимжсэн мал ахуйгаар дагнасан, бизнесийн ухаанд суралцсан, жилдээ 50-60 сая төгрөгийн цэвэр хуримтлалтай малчных… Энэ бол шинэ цагийн малчдын дүр төрх юм.

Тэдний хувьд жилийн дөрвөн улирлын турш нэг компанитай тогтмол гэрээтэй ажил­лах нь чухал. Малынхаа ашиг шимээр амьдар­даг малчдын хувьд эдийн засгийн  томоохон хөшүү­рэг байх нь гарцаагүй. Эднийд энэ жил 170-аад хонь төллөхөөс 130 нь хургалжээ. Гуравдугаар сарын 10-д хүртэл цас ихтэй, хүйтэн байсан нь малын тамир тэнхээг сульдуулж, хонь ямаа жилбэгүй /сүүгүй/ хургалсан гэнэ.  2000 оны их зуднаас хойш мал жилбэгүй төллөхийг үзээгүй хэмээн өндөр настан Н.Дамдин халаг­лаж суулаа. Эднийх мал маллаж, ойн санг хам­гаалахаас гадна  цөөн тооны тахиа, цацагт хяруул тэжээдэг юм билээ. Тахианы  жижиг­хэн “бизнес”  хоёр хүүгийнх нь хобби гэнэ. Малаа хариулах, цагаан идээгээ зах зээлд нийлүү­лэх, ойгоо хамгаалах, тахиа шувуугаа тэжээх гээд өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл завгүй ажиллах Д.Ганбаатар, түүний нөхөр­лө­лийнхөнийг магтахаас аргагүй санагдав. Хөдөлмөрч  нөхөрлөлийнхөн маань  хоршоо болж өр­гөжихөөр бичиг баримтаа бүрдүүлсэн гэсэн сайхан мэдээг мөн дуулгасан юм. 

 

“Одоогийн залуус бэлэнчлэх сэтгэлгээтэй болжээ”

Бидний дараагийн  саатсан айл бол Д.Ган­баатарынхаас 10-аад км-ын зайд нутаглах  Гонир багийн малчин Ж.Михлайгийнх. Малын хашааг төмрөөр дээвэрлэж,  дотор тасал­гаа  гаргаж, хурга, ишиг, тугалаа тус тусад нь хий­жээ. Нилээд олон малтай ч малын саравчинд нэг ч хөглөрөх зүйлгүй, цэмцийтэл цэвэр­лэсэн нь аргагүй хөдөлмөрч, уйгагүй хүмүүс болохыг нь илтгэнэ. Ж.Михлайгийнх  найман охин, нэг хүүтэй өнөр айл. Охидууд нь амьдралын эрхээр айл гэр болж, Улаанбаатар хот, Зүүнхараад ажиллаж амьдардаг бол бага охин, ганц хүү нь аав, ээждээ туслан мал­чин болжээ. Ж.Михлайгийн гэргий Ц.Доржханд  шударга  шулуун, цэцэн цэлмэг  үгтэй.  Социализмын үеийн МАН-ын гишүүн тэр­бээр одоогийн засаг төрийн бодлого, улс төрийн намын үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдгаа нуусангүй. Арван жилийн сургуулиа төгсөөд Зүүнхараагийн цахилгаан шугам сүлжээний газарт бичээчээр ажиллаж байгаад 1972 онд нөхөртэйгээ ханилсан  тэр цагаас Баруунхараагийн сангийн аж ахуйд мал маллаж, өдгөө 42 дахь жилтэйгээ золгож байгаа  буянтай буурай. Тэрбээр 1986 онд МАХН /одоогийн МАН/-ын гишүүнээр элсэж байжээ. Тухайн үед идэвхитэн гишүүнээр нэг жил, орлогч гишүүнээр  нэг жил явсны дараа намын хурлаар хэлэлцүүлж, сая нэг улаан батлах өвөртөлдөг байж. Одоогийнх шиг намд элсээч гэж гуйдаг, намд элссэнийх нь төлөө төлбөр төлдөг,  дуртай үедээ намд орж, гардаг завхарсан жишиг байгаагүй  талаар бидэнд хуучилсан юм. Социализмын үед нэг айл 16 толгой малтай байсан бол 1990 оны хувьчлалаар 50-иад бог, 5-6 үхэр авч байсан Ж.Михлайгийнх 2000 онд мянгат малчин болжээ. Нэгдэл гэж байх үед бяруу хариулах, гунж төллүүлэх гээд үхэр сүрэг дагнан хариулж, гэргий Ц.Доржханд нь олон зуун үхрийн сааль сүүг нуруун дээрээ үүрсээр 40 гаруй жилийг ардаа орхижээ. Тэрбээр “200 үхрийн баас тэрэг хөллөж цэвэрлэчихээд үүр цүүрээр үнээгээ сааж, сүүгээ тушаачихаад орж ирдэг. Тэгээд хүүхдээ хуйраалчихаад дараагийн ажилдаа гараад болдог л байлаа. Одоогийн залуучууд мал маллах ч дургүй болж. Туслах малчин авъя гэхээр бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон байна” хэмээн ярьж сууна лээ. Харин Өдгөө газар  тариалан, эрчимжсэн мал аж ахуйг чухалчлахыг  нутгийн удирдлагаас баримталж байгаа учир сүүлийн жилүүдэд малаа өсгөхөд бус чанаржуулахад  анхаарах болжээ.

 

Увсын уугуул хүү “Алтан төлийн эзэн” болжээ

Гэрийнхээ гадна ланд, фирус, фортер маркийн автомашин сойж, тохилго байшинд амьдрах  шинэ цагийн малчин Ц.Булганыхаар бууж мордлоо. Улсын сайн малчны хүү  Ц.Булган Увс нутгаасаа 2006 онд гарч, Баруунхараад суурьшжээ. Хатуу ширүүн цаг агаартай, хамгийн хүйтэн өвөл болдог Увсын Зүүнговь сумын уугуул тэрбээр аймгийн сайн малчин болсныхоо дараа зах зээлд ойртохоор Сэлэнгэ аймгийн Баруунхараа руу зориг  шулуудан, малаа туун гарч байжээ. Аав нь улсын сайн малчин байсан түүнд мал маллах ухаан хүүхэд байхаас л сууж, дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшсэнийхээ дараа малчин болохоор шийдсэн гэнэ. Сайхан амьдрах нь хэдэн диплом өвөртөлснөөс бус амьдралын ухаан, хөдөлмөрч  байдалтай холбоотой гэд­гийн тод жишээ. Сэлэнгэ аймгийн  Баянгол суманд нутагласнаас хойш  хонь, ямаа,  адуу, үхэр сүргээ жигд өсгөн, төл малаа хорогдолгүй, 100 хувь бойжуулсан залуу малчин Ц.Булган энэ жил “Алтан төлийн эзэн” болжээ. Тэднийх Баруунхараад  нутагласнаасаа хойш 20 гаруй айл өрхийг малжуулж, нэг малчинд сардаа 400-500 мянган төгрөгийн цалин өгч байгаа гэнэ. Ц.Булган “Малчин хүн цаг агаарын хатуу ширүүн нөхцөл, ган гачиг, зуд турхантай жилүүдийг туулна. Байгалийн хатуу ширүүний өмнө хүчин мөхөстөхгүй байх ёстой. Хадлан тэжээлээ сайтар нөөцлөх, хашаа хороо, өтөг бууцаа засахаас эхлээд, зун, намрын цагт малаа тарга тэвээрэг  авахуулах гээд  малчин хүнээс  уйгагүй хөдөлмөр шаарддаг.  Бурханы  оронд заларсан аав  минь арван хүүхэддээ энэ эрдэм ухааныг зааж сургасан. Тарган мал тал бүрийн ашигтай гэж үг бий. Малаа сайн таргалуулж чад­вал зуд турханыг давж гарах бүрэн боломж­той” хэмээн мал маллах  эрдмээсээ  бидэнтэй хуваалцсан юм.

1988 оноос  нэгдлийн мал маллаж эхэлсэн тэрбээр 1990 оны өмч хувьчлалаар 19 толгой мал­тай байжээ.  Ингээд 1994 онд  гэр бүл болж, өрх тусгаарлан гарахад аав нь 30 адуу, 200 хонь, 20 үхэр өмч болгон өгчээ. Үүнээс хойш мал сүргээ дөрвөн төрөл дээр өсгөсөөр, өдгөө 3000  малтай, тэргүүний малчин болж чаджээ. Эднийх энэ жил 100 гаруй үнээ, 100 гаруй ямаа, 1000 гаруй хонь, 120 гүүний төл авч байна. Малыхаа сүү, арьс шир, ноос ноолуурыг худалдаалахаас гадна жил бүр 1000 гаруй тоо толгой мал зах зээлд нийлүүлж, жилдээ 50-60 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг гэнэ. Ц.Булганых мөн удам дамжсан жороо, хатираа, хурдан удмын адуутай айл юм билээ. Гэхдээ их ажлын хажуугаар хурдны морь уях зав төдий­лөн гарч өгөхгүй байгаа хэмээн учирлана лээ. 

Ухаж биш ургуулж, бүтээж босгож ирсэн хөдөлмөрч ард түмэн баруунхараачуудын амьдралын нэгээхэн хэсгийг сурвалжлахад ийм бай­лаа. Буцаад ирэхэд булаг шиг, дайраад ирэхэд далай шиг угтаарай, Шинэ цагийн мал­чид минь.

С.ОТГОНСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж