Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Скай Резорт" цогцолбортой хамтран энэ амралтын өдрүүдэд Богд хан уулын Хүрхрээгийн аманд зохион байгуулж буй юм.
“Улаанбаатар өвлийн наадам 2019” арга хэмжээний нээлтийн ёслолд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал болон өвлийн наадамд оролцож буй тамирчид оролцсон билээ.
Нээлтийн ажиллагааны үеэр өвлийн наадмын тэмцээнд оролцож буй тамирчид, шүүгчид андгай өргөсөн юм.
Энэхүү наадмын хүрээнд Монголын үндэсний тоглоом наадгай болох Мөсөн сурын харвааны УАШТ, Мөсний шагайн харваа болон Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг, Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Мөн үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдах юм.
Тэмцээнд дотоод, гадаадын 800, гадаадын 40 тамирчин оролцож байна. ОХУ-ын Буриад улсаас 10, Тува улсаас 10, ӨМӨЗО-оос 20 сур харваачид хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьж байгаа юм.
Өвлийн наадамд гадаадын жуулчид, Монгол Улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд, дотоодын жуулчид, нийслэлийн иргэд оролцох бүрэн боломжтой. Уг наадмаар дамжуулан Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг сурталчлах ач холбогдолтой юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ