АНУ-ын армид ширүүн сар өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын армид ширүүн сар өнгөрлөө

Өнгөрсөн сард АНУ-ын Армид өмнөх бүх үеээс хамгийн олон цэрэг амиа егүүтгэсэн байна гэж пүрэв гаригт гаргасан статистик харуулж байна. Статистикаас үзвэл зургаадугаар сард Америкийн 32 цэрэг амиа хорлосон нь Вьетнамын дайнаас хойших бүх үе дэхь хамгийн олон амиа хорлолт болж байна гэж “CNN” агентлаг мэдээллээ. Талийгаачдын 21 нь Армид албаа хашиж байсан бол 11 нь Үндэсний Хамгаалагч буюу Армийн нөөцөнд бэлтгэл байдалтай байсан байна. Түүнчлэн долоон цэрэг нь Ирак, Афганистанд алба хааж байхдаа амиа егүүтгэжээ.

Энэ оны нэгдүгээр сард 28 албан хаагч нь амиа хорлосноос хойш амиа хорлолтын тоо буурч байгаад ийнхүү дахин өссөн байна. Чухам яагаад амиа хорлолт буурахгүй байгааг Армийн албан тушаалтнууд хариулж чадахгүй байна. “Ямар нэг хандлага, эсвэл бааз, байршилтай энэ асуудал холбоогүй байна. Энэ асуултын хариуг олох мөнгөн сум олдохгүй байна” гэж Армийн амиа хорлолтоос сэргийлэх ажлын хэсгийн дарга хурандаа Крис Филбрик ярьж байна.

Зургаан сарын дүнг оролцуулж тооцвол он гарснаас хойш энэ жилд 145 цэрэг амиа хорлосон нь 2009 оны амиа хорлолтын нийт тооны бараг хагастай дүйцэж байна. 2009 онд 245 цэрэг амиа хорлосон юм. Түүний дараа Арми амиа хорлолтыг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх видео хийсэн бөгөөд уг видео нь сэтгэлзүйн хямралд орсон цэргүүдийг мэргэжлийн туслалцаа авахын зөвлөсөн агуулгатай байжээ.

“Shoulder to Shoulder: I Will Never Quit” (“Мөр мөрөө түшин: Би хэзээ ч болихгүй”) хэмээх нэртэй уг видео эхлэх үед нэг цэрэгт эхнэр нь салах бодолтой байгаагаа хэлсэн тухай гардаг. Байлдагч Жозеф Сандерс эхнэр нь түүний хувьд бүх л ертөнц, амьдрал нь байсан гэж ярьдаг. “Би винтовоо аваад, эрүүн доороо тавьж байгаад гохыг нь дарсан” гэж Сандерс ярьсан. Гэвч буу нь буудаагүй баарчихсан. Тэрээр буугаа хажуу тийш нь аваад хартал бууных нь нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь дутуу байв. Түүний дараа камерт түүний найз нь харагдах бөгөөд тэрээр Сандерс амиа хорлож магадгүй шинж харуулаад байсан тул тэр найзынхаа бууны нэг хэсгийг нь авчихсан гэж үзэгчдэд хэлдэг.

Энэ видео яагаад өмнөх видеонуудаас илүү үр дүнтэй байна гэж бодож байгааг асуухад Филбрик цэргүүд нэг нь нөгөөгийнхөө зөвлөгөөг авахдаа илүү байдаг гэж Филбрик ярьсан. Үүнээс өмнө хийсэн видеог бүтээхэд цэргүүдийг жүжигчидтэй хольж гаргасан нь ёстой “новшийн” болсон. Цэргүүд тэр видеоны агуулга, мессежэнд итгэх нь бүү хэл шоолж инээж байсан. Харин сүүлд хийсэн энэ видеонд жинхэнэ цэргүүд, жинхэнэ болсон явдлын тухай өгүүлэх тул илүү нөлөө үзүүлэх болно гэж найдаж байгаа гэнэ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж