Ж.Оюунбаатар: Спортын төрөл зүйлүүд сайн хөгжиж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.08-нд нийтлэгдсэн

Ж.Оюунбаатар: Спортын төрөл зүйлүүд сайн хөгжиж байна

Ж.Оюунбаатар: Хэнтий аймагт адуу дагасан бусад өв соёл буюу спортын төрөл зүйлүүд сайн хөгжиж байна

Монголын хурдны гол цөм  усны ундарга, булгын эх болсон Хан Хэнтий аймгийн Засаг дарга Жагдагийн Оюунбаатартай уулзаж ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Түүнийг морь сонирхогчид  хурдан хул мориор андахгүй билээ.

-Хэнтий аймгийн Засаг даргын ажлыг авснаас хойш морины өв соёлтой холбогдолтой олон арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь  түүхт 90 жилийн ойн баяр наадам байна. Ойн бэлтгэл ажилд нэлээд анхаарал хандуулсан байх?

-2012 онд Хэнтий аймгийн Засаг даргын албыг авснаас хойш морьтой холбоотой цөөнгүй ажлыг хийжээ. Түүний нэг нь мэдээж Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээ юм. 90 жилийн ойн баяр наадам, зүүн бүсийн хурдан морины уралдаантай давхцсанаараа илүү өргөн цар хүрээтэй болсон.

Түүхт ойгоо угтан Хэнтий нутгийнхаа бахархлуудыг илүүтэй тодотгож өгье гэсэн зорилго дэвшүүлж ажилласан. Хэнтий гэхээр хамгийн түрүүнд Чингис хааны төрсөн нутаг гэж төсөөлөгддөг шүү дээ. Тэр утгаар нь их эзний байлдан дагуулалт XIII зууныг харуулан дурсгалын хаалгыг байгууллаа.

Дараа нь Хэнтий гэхээр Галшар адуу буюу өвгөн ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав, түүний бий болгосон хурдан удмын адуу төсөөлөгддөг. Тэр утгаар нь Чингис хотынхоо төвд Өвгөн ноёны болон алдартай хурдан зургаан азарганых нь хөшөө бүхий хүндэтгэлийн цогцолборыг байгуулж, Хардэл жанжин бэйсийн нэрэмжит гудамжийг бий болгосон.

Ой угтсан гурав дахь том ажил бол Батноров хийц буюу Тожил уран дархны хийцийг алдаршуулахын тулд Тожил дархныхаа түүх судар, өөрийн болон шавь нарынх нь хийсэн бүтээлүүдийн зураг бүхий “Хан Хэнтийн Тожил хийц” гэсэн номыг хэвлүүлсэн.

Ойн хүрээнд хийгдсэн дөрөв дэх том ажил бол Хэнтий аймгаас төрсөн даншгийн найман аваргынхаа хөшөөг босгосон явдал юм. Энэ мэтчилэнгийн бүтээн байгуулалтын ажлаас гадна 90 жилийн ойн баяр наадам, тэр тусмаа хурдан морины уралдаан маш сайхан зохион байгуулалт сайтай, өргөн дэлгэр болсон. Нэг насанд дунджаар 300-гаад адуу мордож, Хэнтийчүүд маань гурван түрүү, арав гаруй айргаа нутагтаа үлдээж чадсан.

-Монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх түүхэн үйл явдлыг дэмжиж уяачдаа өргөнөөр хамруулсанд талархал илэрхийлье. Дэлхийн морины онцлох үйл явдаар нэрлэгдсэн тэрхүү арга хэмжээний талаар ярихгүй орхиж болохгүй байх.

-2013 онд монгол адууг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүртгүүлэх түүхэн арга хэмжээ болсон. Энэхүү арга хэмжээнд Хан Хэнтийчүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэгэхээс ч аргагүй юм. Яагаад гэвэл Хэнтий аймаг морины соёлыг бий болгож, Монгол даяар түгээсэн нутаг. Хэнтийн гол угшил Галшар адуу очоогүй газар нэгээхэн ч үгүй. Өнөөдөр ч гэсэн монголчуудынхаа түүх соёлыг хадгалан, Монголын морин спортын хөгжилд зохих хувь нэмрээ оруулж байна. Энэ утгаараа бодсон ч тэр, өөрөө хүлэг морио дээдэлдэг уяачийн хувьд бодсон ч анхаарал хандуулж ач холбогдол өгөхөөс аргагүй байсан.
-Та өөрөө ирж оролцсон уу?

-Тэр үед гадагшаа ажлаар явчихсан байсан учраас оролцож чадаагүй ээ.

-Галшар адууг албан ёсоор үүлдэр болгон бүртгүүлэхээр зэхэж буй гэсэн. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?

-Галшар угшлын адуугаа үүлдэр болгох, бүртгүүлэх ажлыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргаж Хэнтий аймгийн ЗДТГ, Галшар сум, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарсан судалгааны багийг бүрдүүлээд хоёр жил болж байна. Одоогоор Галшар суман дахь энэ угшлын адууны цөм сүрэг дээр тулгуурлаж судалгаа шинжилгээний ажлыг хийж байна. Удахгүй албан ёсоор Галшар үүлдрийн адуу албан ёсоор бүртгэгдэх байхаа.

-Дан ганц хурдан морь, морин уралдаан гэлтгүй адуу дагасан өв соёлыг нийтэд нь хөхиүлэн дэмжих бодлого баримталж байгаа юм болов уу хэмээн дүгнэсэн. Ойрмогхон хоёр ч удаа “Адуучин” тэмцээнийг зохион байгуулж, аваргуудаа тодруулсан сураг байна лээ?


-Цагаан сарын өмнөхөн Биндэр суманд МҮОНТ-ийн сэтгүүлч Л.Цагаандалай очиж Ерөнхийлөгчийн “Морио унацгаая” уриалгыг дэмжиж “Морьтой Монгол аян”-ыг улс орон даяар өрнүүлэх аяны эхлэл болгон Биндэр, Батноров суманд “Морьтой монгол” жагсаалыг зохион байгуулсан. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг улсын аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнд манай аймгийн А.Алтаншагай, Х.Бат-Эрдэнэ нарын залуус тэргүүн байр эзэлснийг та бүхэн мэдэж байгаа байх.Тэр хоёрын маань амжилтын мялаалгын арга хэмжээ л дээ. Түүний дараа өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн залуу малчдын зөвлөгөөнийг Батноров суманд зохион байгуулж, тэр үеэрээ аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнийг явуулсан. Монгол түмний бахархал, спорт, соёлын үнэт өв болсон адууны соёлыг дээдлэх бодлогын хүрээнд Адуучин тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон. Улсын тэмцээнд оролцох эрх гардахын тулд адуучид маань аймгийнхаа аваргын энтэй байх босго бий. Энэ хүрээнд Хэнтий нутгийнхан “Шилдэг адуучин” шалгаруулах тэмцээнийг Хөхүүрийн талд зохион байгуулж,  18 сум, 4 тосгодоос залуус тэмцээнийг зорин ирж, ташуур шүүрэх, уран уургач, эмнэг хангал сургагч гэсэн 3 төрөлд адуучид эрдэм чадлаа сорьсон. Залуус дундаас Батноров сумын Монгол улсын аварга адуучин А.Алтаншагай магнайлж, аймгийн аваргын босгыг алхаж улсад өрсөлдөх эрх гардаж авсан.

Ер нь Хэнтий аймагт морь уургалах, бугуйлдах, эмнэг булгиулах зэрэг адуу дагасан бусад өв соёл буюу спортын төрөл зүйлүүд сайн хөгжиж буй. Заавал албан ёсны тэмцээн уралдаан гэлтгүй залуучууд маань нэгдэн өрсөлддөг болж. Автомашины бооцоотой тэмцээнийг хүртэл зохион байгуулсан байна лээ.

-Хэнтий аймаг Монголын хурдан морины өв соёлын цөм гэдэг утгаар нь дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх ажиллагаанд идэвхтэй оролцсон гэж байсан. Цаашдаа морин спорт, уяачдаа хөгжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?

-Бидний хувьд Хэнтий нутагт морин спортыг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөж байгаа зүйлүүд цөөнгүй бий. Хамгийн эхний ээлжинд үндэсний морин спортоо хөгжүүлэх зорилгоор залуу уяачдаа дэмжих, дадлагажуулахад нэлээд анхаарна. Манай аймаг чинь адууны тоо толгойгоор улсдаа дээгүүрт тооцогддог.

Үргэлжлэлийг www.todmagnai.mn-с уншаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж