Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг томилохоос татгалзсан шийдвэрээ хүргүүлжээ. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд уг хүсэлтээ НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд хүргүүлсэн бөгөөд “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл, НИТХ-ээс хамгийн олон санал авсан С.Мөнхчулууныг Хотын даргаар батламжлах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Тиймээс одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Харин энэ удаад шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн хугацаатай юм.
Сануулахад, 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр НИТХ хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон билээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт нэгдүгээр сарын 23-ны өдөр С.Мөнхчулууныг батламжлуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлээд байсан юм. Ийнхүү нэг сар орчмын хугацааны дараа Ерөнхий сайд түүнийг Хотын даргаар томилохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ С.Мөнхчулууныг Хотын даргад дэмжихгүй гэх яриа өмнө нь улс төрийн хүрээнд яригдаж байсан юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ