Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, элчин сайдын худалдааны зөвлөх Огуз Куюмжу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНТУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз уулзалтын эхэнд Монгол Улсад Аж үйлдвэрийн яам байгуулагдсанд талархаж байгаагаа илэрхийлээд хоёр орны эдийн засаг, гадаад худалдааны хамтын ажиллагааны талаар саналаа солилцлоо. БНТУ-ын хувьд Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбар тэр тусмаа арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Аж үйлдвэрийн салбар тэр дундаа арьс, ширэн бүтээгдэхүүнийг бид гуравдагч зах зээлд экспортлох боломж монголчуудад бий. Та бүхэн Монгол Улсын үйлдвэрлэгчдэд гуравдагч зах зээлийн өргөн боломж байгааг олж харсанд гүнээ талархаж байна” гэлээ.
Г.НАРАН