УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, санал солилцов. Ингэхдээ Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёстой, бидэнд ухрам зам байхгүй гэдгийг тодотгов. Үнэндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн хэд хэдэн парламент хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулж, ажиллаж байгаа. Тухай бүрт ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарч, дөрвөн жилийн циклтэй сонгуультай золгож байсан. Энэ удаад 65 суудал авсан эрх баригч намынхан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр онцгой анхаарч буй.
Эрх баригчид 2017 оны дөрөвдүгээр сараас хойш Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг нэгтгэх, Дэд ажлын хэсгүүд байгуулж ажиллуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, төслийг УИХ дахь МАН, АН-ын бүлэгт танилцуулах, төслийн хувилбарыг эцэслэн боловсруулж, УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк зэрэг байгууллагууд руу санал авахаар хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсээр өнөөг хүрчээ.
Энэ удаагийн хамгийн чухал өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд явж байгаа ажлын хэсгийхэн төдийгүй эрх баригчид удаа дараа ярьж буй.
Гэхдээ энэ нь Ерөнхийлөгчийн эсэргүүцлийн давж чадах болов уу гэдэг бас л хүндрэлтэй. Одоогийн яригдаж байгаа төсөл хэлэлцүүлэг, ажлын хэсгийн түвшинд хэрхэн өөрчлөлт орох, эрх баригчид өөрсдийн хүссэн өөрчлөлтөө хийж чадах уу гэдгээс бүх зүйл шалтгаална. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эцсийн сонголтыг ард түмэн шийднэ. Ард нийтийн санал асуулгын дүнгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэвэл энэ асуудлыг парламент хэлэлцээд, хэрэгжүүлээд явах ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа улс төрийн хүрээнд зөвшилцөх, ойлголцох нь хамгийн чухал. Гэхдээ зарим намуудын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, нэг нам олонх байх үедээ нэмэлт, өөрчлөлт хийх нь буруу гэж шүүмжилж байгаа юм.
Угтаа бол 2018 оны намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ гэж баталсан. Гэвч сандал суудал, эрх мэдлийнхээ төлөө өрсөлдсөөр намрын чуулганыг үдсэн. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр “Бидэнд ухрах зам үгүй, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ” гэж тодотгожээ. Хэрэв хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэлбэл өөр бусад асуудлыг хэлэлцэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, намрын чуулган шиг хийсэн ажилгүй, хэрүүл тэмцэл л үргэлжилнэ гэсэн үг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрийдлээр бас хэд хэдэн асуудал цалгардаж хоцрох вий. Энэ бүхнээс урьтаж Үндсэн хуулийн өөрчлөлт дээр эрх баригчид төдийг ҮАБЗ санал нэгдэж, улс төрийн намууд санал нэгдэж, ард нийтийн санал асуулга явсны дараа энэ өөрчлөлт яригдаж эхлэхийг энд тодотгоё. Хэн нэгнийхээ хайчинд орчихгүй, бүгдээрээ 100 хувь санал нэгдэнэ гэдэг юу л бол.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ