Манай улсад сагсан бөмбөгийн холбоо анх 1962 онд үүсэн байгуулагдаж, өдгөө 53 жилийг ардаа үдээд байна. Харин Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаад гурван жил болж байгаа юм. Монгол улсын Үндсэн хуулинд зааснаар Сагсан бөмбөгийн холбоо дөрвөн жилд нэг удаа заавал хуралдах заалттай байдаг. Харин энэ хуулиа зөрчөөд сүүлийн 10 жилд албан ёсоор хуулийнхаа дагуу хуралдаан зарлаагүй учир МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилоос сагсан бөмбөгийн ууган Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба нарын төлөөлөгчид өнөөдөр(IV.08) мэдээлэл хийлээ.
Монголын сагсан бөмбөгийн хүрээнд үүсээд байгаа хүндрэлттэй нөхцөл байдлыг эцэслэн шийдвэрлэх, нэгдсэн нэг зорилготой, тэмүүлэлтэй, хөгжлөө дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа тамирчид, дасгалжуулагч, шүүгч зүтгэлтнүүд хүсч байна. 2014 оны 03-р сарын 23-ны өдөр ээлжит бус хурлыг хийсэн боловч энэ нь хуулийн дагуу явагдаагүй аж. Уг хуралд МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилын хүрээн дэх хүмүүс оролцсон юм. Тиймээс МСБХ-ны албан ёсны ээлжит бус хурлыг дүрмийн дагуу, хуулийн хүрээнд зохион байгуулахыг шигшээ багийн тамирчид, шүүгчид, ивээн тэтгэгчид, дасгалжуулагчид, ахмадын зөвлөл, үндэсний лигийн есөн баг, эмэгтэй супер лигийн дөрвөн багийн тамирчид, зэрэг 545 хүн өөрийн гарын үсэг зуран шаардсан бичгээ МСБХ-ны Ерөнхийлөгч Ц. Мөнх-Оргилд илгээсэн байна.
МСБХ-ны тамирчид Олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулах уу, хурдацтай хөгжлийн шатандаа орж буй энэ эрчээ хадгалах уу гэдэг асуудал тулгараад байгааг тэд дуулгасан юм.
Б.АМАРЖАРГАЛ