Энэ сарын 8-ны өдрөөс хойш Зайсан дахь KFC сүлжээний хоолноос хордсон иргэд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандаад байна. Нийт 78 иргэн хордлогын шинжилгээ өгснөөс 20 хүний биеийн байдал хүнд, халуурч бөөлжих шинж тэмдэг илэрсэн тул хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр хордсон иргэдийн дотор урлаг соёлынхон ч байгаа юм. Тодруулбал, дуучин С.Сэрчмаа гурав хоногийн өмнө хүүхдүүдтэйгээ Зайсан дахь салбараар үйлчлүүлж, хоолны хордлого авсан тухайгаа цахим хуудаснаа мэдээлжээ. Мөн Home plaza дахь салбарын КFC-ийн ресторанаас нэг хүн хоолны хордлого авсан тухай гомдол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иржээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Зайсан дахь KFC сүлжээ ресторанд энэ сарын 8-ны өдрөөс хойш хэрэглэж байсан 39 нэр төрлийн хоолноос дээж авч шинжлүүлж байгаа юм. Шинжилгээний хариу энэ сарын 18-нд гарна.
Холбоотой мэдээ