Энэтхэгчүүдийн хийж буй хуримын ёслолууд сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байх болсон билээ. Тухайлбал, Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра, АНУ-ын дуучин Ник Жонас нарын саяхан болсон нүсэр, тансаг хурим, мөн Энэтхэгийн тэрбумтны охины хурим дээр АНУ-ын алдартай од дуучид болон Хиллари Клинтон уригдан ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Олон хоног үргэлжилдэг Энэтхэгийн өвөрмөц хуримын бас нэгэн онцлох зүйл нь хосуудад өгөх бэлэг байдаг. Харин саяхан хуримаа хийсэн нэгэн хосын хуримын бэлэг дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Энэтхэгийн эрх баригч “Бхаратияа Жаната” намыг тууштай дэмжигч Субхаш Рао Кишан Рао Яндэ хүүгийнхээ хуримд уригдан ирсэн зочдыг бэлгийн оронд удахгүй болох сонгуульд Ерөнхий сайд Нарендра Модигийн төлөө санал өгөхийг хүсчээ.
Хуримын зочид ч бас “бэлгээ” дуртайяа өгөхөө амласан тухай Субхаш Яндэ ярьсан байна. Тэрбээр өөрийнх нь дэмждэг нам энэ жилийн сонгуульд ялахыг л хүссэндээ зочдоос ийм бэлэг хүссэн хэмээн ярьжээ. Түүний хүүгийнх нь хуримд 1000 гаруй зочид уригдан ирсэн аж.
Баячуудын хуримын ёслолоор дамжуулан санал цуглуулж байгаа нам нь “Бхаратия Жаната” ганцаараа биш юм. Энэ оны эхээр Энэтхэгийн Харяна мужид хуримаа хийсэн нэгэн хос сонгуульд “Аам Аадми намд саналаа өгөөрэй” хэмээн урилга дээрээ бичсэн байв. Түүнчлэн “Конгрессын төлөө саналаа өгөөрэй” хэмээн хуримын урилга дээр бичсэн зураг саяхан цахим орчинд тарсан. Үүгээр ч зогсохгүй Нарендро Модигийн бас нэгэн дэмжигч түүний мөрийн хөтөлбөр болон Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хийж бүтээсэн зүйлсийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хуримын урилга дээрээ бичсэн байв.
Энэтхэгийн ерөнхий сонгууль ирэх тавдугаар сард улс орон даяар зохион байгуулагдах бөгөөд нийт 850 сая иргэн саналаа өгөх аж. Сонгуульд өрсөлдөх гол хоёр нам нь Нарендра Модигийн “Бхаратия Жаната” болон Энэтхэгийн улс төрд хамгийн их нөлөөтэй хүмүүсээс бүрдсэн Конгресс” нам юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ