Уулын үерийн улмаас төмөр зам эвдэрч, зам засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ, Зүүнхараа, Дархан, Эрдэнэтийн чиглэлийг галт тэрэгний хөдөлгөөнийг өчигдөр түр хугацаагаар зогсоосон талаар бид мэдээлж байсан билээ. Тус чиглэлийн 323-324 дугаар точкийн хооронд үерийн усанд урсаж, гэмтсэн төмөр замыг сэргээн засварлах ажил энэ сарын 14-ны 22:00 цагт эхэлж, өчигдөр 20:30 цагийн үед бүрэн засварлаж дуусчээ. Уг ажилд “Улаанбаатар” төмөр замын 150 гаруй ажилчид тасралтгүй ажиллан түргэн хугацаанд ашиглалтанд оруулснаар хэвийн горимд шилжин ажиллаж байна гэж тус газрын Зорчигч тээврийн албаны диспетчер мэдээллээ. Дашрамд дурьдахад тухайн үед зам эвдрснээс болж Улаанбаатараас Эрдэнэт, Дарханы чиглэлд явж байсан галт тэрэг Сэлэнгэ аймгийн Мандал өртөөнд түр саатсан байсан бөгөөд өчигдөр замын ажлыг шалгаж дууссаны дараа буюу 21:00 цагт маршрутын дагуу замд гарчээ. Тус галт тэргэнд сууж явсан 270 гаруй иргэнийг нийтийн тээврийн автобусаар хүргэж өгсөн байна. Мөн үлдсэн 600 орчим зорчигчдийг тав тухтай байлгах үүднээс халуун хоол, ундаар байнга үйлчилж байсан гэж “Улаанбаатар” төмөр замын удирдлагууд хэлж байна.
Д.Долгор