“Монгол тэмүүлэл” 7 хоногийн аян өрнөлөө

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

“Монгол тэмүүлэл” 7 хоногийн аян өрнөлөө

Монгол ухаанаар дархлаажсан, дэлхийд сууриа эзэлсэн, үлгэр жишээ
иргэн болох тэмүүлэлтэй оюутан залуучууд “Монгол тэмүүлэл” оюутны клубт
нэгдэж, өөрийгөө хөгжүүлэн төлөвшүүлэх олон хөтөлбөрт оролцож байна.
“Монгол тэмүүлэл” клубын гишүүн, Шихихутуг дээд сургуулийн оюутнууд
сургууль дээрээ Монгол тэмүүлэл” 7 хоногийн аянг 2010.01.28-02.05-ны
өдрүүдэд өрнүүллээ.

Тус аяны нээлт 2008.01.28-д болж “Монгол
ухаанаар хөгжихүй” цуврал лекцийн бүрэлдэхүүнд багтсан зохиогчид
оролцсон юм. Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Олон улсын
сэтгүүлч, МУСГЗ Б.Дашзэвэг, Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон ТББ-ын
тэргүүн, УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэн, Оюуны спортын төвийн тэргүүн
Х.Хатанбаатар, Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон ТББ-ын Гүйцэтгэх
захирал Н.Цэндмаа, Шихихутуг дээд сургуулийн захирал Д.Оюунцэцэг, дэд
захирал Ч.Даваадаш нар оролцож, оюутан залуучуудад хандан эх орноо
хайрлах үзэл, ёс суртахуунлаг иргэн болон төлөвшихийн чухлыг тэмдэглэн
хэллээ.

Монгол тэмүүлэл аяны хүрээнд оюутан залуучуудын хүмүүжил төлөвшилд
чиглэсэн үйл ажиллагаануудыг санаачилж байна. Өөрт зуршил болсон муу
шинж чанараасаа ангижирч, сайн шинж чанараа өнгөлж хөгжүүлэхэдэд эдгээр
үйл ажиллагаа чиглэгдлээ. Оюутнууд бие биенээ,болоод багш нараа
гомдоож, таагүй харьцаж байсан бол уучлалт гуйх Уучлалын өдөр, “Монгол
тэмүүлэл” уран илтгэлийн тэмцээн,”багш та энгүй ачтан” –талархах өдөр,
хүндэтгэлийн лекц сонсох зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдах
юм.

Өнөөдөр нийгэмд хүмүүс хоорондын харилцаанд хамгийн
доголтой байдаг зүйл бол өөрийнхөө бурууг хүлээж, бусдаас уучлал хүсэх
явдал болжээ. Миний буруу, уучлаарай гэдэг үгийг хэрэглэн заншвал хувь
хүн өөрийнхөө хэлэх үг, хийх үйлдлээ дүнэн шинжиж, хүмүүс хоорондын
харилцаандаа таагүй, сэтгэл гонсойлгосон алдаатай үйлдэл хийхгүй байхад
нөлөөлнө. Тиймээс бусдыг хүндэтгэх, өөрийгөө дүгнэн цэгнэх, бусадтай
эелдэг боловсон харилцаг ёс суртахууны соёлыг шөлөвшүүлэхэд “Уучлалын
өдөр” чухал үр нөлөөтэй үйл ажиллагаа боллоо.

“Монгол тэмүүлэл”
сэдвээр болсон Илтгэлийн тэмцээн нь хэн уран яруу илтгэх талыг нь бус
харин хэн хамгийн сайн агуулгыг, шинэ санааг, бодит шижээг гаргаж ирж
байгаар нь үнэлэн шүүсэн юм. Илтгэлийн тэмцээнд оролцсон 13 оюутнаас
өнөөдрийн монголын хөгжилд ард иргэд, нэн ялангуяа хүүхэд залуучуудын
хүмүүжил ихээхэн доголтой болсныг цохон тэмдэглэж, эх орноо хөгжүүлэхэд
залуучууд хүсэл тэмүүлэлтэй, хүмүүжил төлөвшил сайтай, өндөр мэдлэг
чадвартай үлгэр жишээ иргэн болохоос эхэлнэ гэсэн агуулгыг гаргасан 3
илтгэгч шалгарсан юм.

Сайн явах санааных гэдэг. Сайн явахад
хүнд хэр зэрэг цагаан сэтгэлээр хандаж, талархан баярлаж явахаас бас
шалтгаална. Тиймээс бид аяныхаа хүрээнд бие биендээ талархсан сэтгэлээ
илэрхийлэх талархлыг өдрийг зохион байгуулсан юм. Оюутан хүний хувьд
хамгийн түрүүн талархлаа илэрхийлэх хүн бол багш. Багш хүний сайхан
сэтгэлийг оюутнууд өөрөө багшилж үзэж байж л зах зухаас нь мэдрэх болов
уу. Оюутан багшийнхаа оронд хичээл зааж үзээд багш хүний хөдөлмөрийг,
тэдний энгүй сайхан сэтгэлийн биеэрээ мэдэрлээ. Тиймээс багшдаа
баярлалаа гэж сэтгэлийн гүнээс талархлаа илэрхийлж байна.

Ахмадын
сургаал алт гэсэн үг байдаг. Монгол тэмүүлэл 7 хоногийн аяны хүрээнд
ахмад үеийнхнийхээ амьдралын тушрлага, мэдлэгээс суралцах Хүндэтгэлийг
лекц сонслоо. Монгол Улсын Боловсролын сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх
П.Цагаан энэ удаад уригдаж, Даяаршлын давалгаа ба Монгол Улсын сорилт
гэсэн сэдвээр лекц уншлаа.

Монгол тэмүүлэл 7 хоногийн аян
ийнхүү Шихихутуг дээд сургууль дээр амжилттай өрнөж өндөрлөлөө. Монгол
хүнийг мөнх тэнгэрээ дээдлэх сэтгэлтэй, эх байгальтайгаа шүтэлцэх
эрдэмтэй, монгол ухаанаа өвлөсөн үндэсний бахархалтай, дэлхийд хүлээн
зөвшөөрөгдсөн соёл боловсролтой, эх оронч, ёс суртахуунлаг, ирээдүйдээ
итгэлтэй, бүтээлч иргэн болгон хөгжүүлэх эрхэм зорилготой Монгол
тэмүүлэл аян цаашдаа бүх их дээд сургуулиуд дээр зохион байгуулагдах
болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж