“Инээмсэглэл-Эерэг хандлага” 2019 эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Зөвлөгөөнд ЭМЯ-ны 50 гаруй байгууллагын 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон ажлаа тайлагнаж, алдаа оноогоо хэлэлцэж байгаа юм.
Тус зөвлөгөөний хоёрдахь өдөр эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаа буюу ёс зүйтэй холбоотой сургалт Эрүүл мэндийн яаманд болж байна. Уг сургалтыг Эрүүл мэндийн яам болон яамны дэргэдэх Ёс зүйн хяналтын хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайко Монгол дахь Төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулж байна. Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа Япон улсын эмч мэргэжилтнүүдийн ёсзүйн туршлагаас судалж оруулжээ. Япон улсын хувьд өмнө нь ч гэсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн асуудал хүндрэлтэй байсныг сургалтын үеэр дурдлаа. Одоогоор тус улсын эмнэлгийн мэргэжилтнүүд нь ёс зүйн сургалтад жилдээ нэг удаа суусан байх шаардлагыг тавьдаг аж.
Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хяналтын хорооны өргөдөл гомдол шийдвэрлэх дэд зөвлөлийн дарга Ш.Оюунчимэг хэлэхдээ “Манай хороо өнгөрсөн оны долдугаар сард шинэчлэгдэн байгуулагдсан. Хорооноос өнгөрсөн арваннэгдүгээр сард Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка рүү санал явуулсны үр дүнд нэг зөвлөх эмч сарын хугацаатайгаар Монголд ирж эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад ажилласан. Ингэхдээ судалгаанд тулгуурлаж Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Улаанбаатар хотын хоёрдогч, гуравдагч шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ажилчид, өвчтөн, үйлчлүүлэгчдээс судалгаа авсан. Уг судалгаагаар эмч, өвчтөнүүдийн аль аль нь харилцааны хандлага доголдолтой болох нь харагдсан. Тухайлбал эмч нар өвчтөн, үйлчлүүлэгчийнхээ санал бодол, юу хүсч байгаа нь сонсдоггүй гэж судалгаанд оролцогчид хариулсан. Тиймээс цаашид дээрх сургалтыг эмнэлэг бүр өөрийн байгууллагадаа тогтмолжуулж тайлан мэдээгээ яамны дэргэдэх Ёс зүйн хяналтын хороонд улирал тутамд ирүүлэх чиглэлийг сайдын тушаалаар баталсан” гэлээ.
2018 онд эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой 40 орчим өргөдөл гомдол Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хяналтын хороонд иржээ.
Холбоотой мэдээ