"KFC" түүхий эдээ БНХАУ-ын Шаньдунаас импортолдог гэв

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

"KFC" түүхий эдээ БНХАУ-ын Шаньдунаас импортолдог гэв

"KFC" түүхий эдээ БНХАУ-ын Шаньдунаас импортолдог гэв

Зайсан дахь KFC сүлжээний  хоолноос  20 иргэн хордсон асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Уг асуудалтай холбогдуулан энэ сарын 12-нд Зайсан дахь салбарт 39 төрлийн хоол хүнсний дээж, 24 нэр төрлийн түүхий эд авч, төв лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний хариу ирэх Даваа гаригаас гарах бөгөөд урьдчилсан дүгнэлт өнөө оройн 20.00 цагт гарах аж. Урьдчилсан байдлаар ямар нэгэн шалтгаанаас болсон гэж тодорхойлох боломжгүй гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш онцлоод “Бид хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Зайсан салбар дахь KFC сүлжээг зогсоох арга хэмжээ авсан.   Нян судлалын шинжилгээний хариу дор хаяж 3-5 хоногт гардаг. Хурдан гарах арга байхгүй. Бид хамгийн сүүлчийн шинжилгээг энэ сарын 12-ны 20.00 цагт  авч дууссан. Шинжилгээний хариу гарсан үед бид ямар нян үүсгүүрээр үүссэн хоолны хордлого байсныг тогтооно. Тухайн хордлого юунаас болсныг бид тогтоогоогүй байна. Учир нь түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн, уснаас болсон байж магадгүй. Хоёрдугаарт, ажилчдын буруу байхыг үгүйсгэхгүй. Тэнд ажиллаж байсан хүмүүсийн дунд нян тээгч байж магадгүй. Гуравдугаарт хэрэглэж байсан ус, тоног төхөөрөмжийн гадаргуу, бохирдлоос болсон байж магадгүй.  Бүгд магадлалтай учраас шинжилгээний хариу гараагүй үед урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй” гэлээ.

Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ салбарт ажилладаг 28 ажилтныг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээнд хамруулжээ. Тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 онд төлөвлөгөөт шалгалтыг явуулахад “бага эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан бол өнгөрсөн оны төлөвлөгөөт шалгалтаар “дунд эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарчээ. Тухайн байгууллагад гарсан зөрчлөө арилгах арилгахыг сануулсан байна. Хэрэв “их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээг авдаг аж. Мөн өнөөдрийн байдлаар KFC сүлжээ 12 салбарыг шалгаагүй, зөвхөн Зайсан дахь салбарын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Дэлхийн нэр хүндтэй түргэн хоолны газар болох KFC нь түүхий эдээ БНХАУ-ын Шаньдун мужаас импортолдог аж. Одоогоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид хордлого гарсан бүтээгдэхүүний дээжид хордлого үүсгэгч эмгэг төрөгч нянгуудыг тогтоох, бусад химийн гаралтай хоруудыг хайх шинжилгээг хийж байна гэж тус лабораторын эрхлэгч М.Бадамцэцэг хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж