НЭМЭЛТ: МИАТ компаниас дөнгөж сая мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд "ОМ302 нислэгийн талаар 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албанаас үзлэг хийхэд ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна. МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжүүлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр удахгүй хөөрөх болно" гэжээ.
14.20 цаг
МИАТ компанийн агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл иржээ. Уг асуудлаар МИАТ компаниас Сөүл, Улаанбаатар чиглэлийн ОМ302 нислэгийн талаар албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Тодруулбал, Инчеон-Улаанбаатар ОМ302 чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын аюулгүй байдлын албанд өнөөдөр /2019.02.15/ ирсэн байна.
Тиймээс энэхүү мэдээллийн мөрөөр Инчеон олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байгаа аж. Мөн аюулгүй байдлын албаныхан Улаанбаатар чиглэлийн зорчигчдын ачаа тээшинд дахин шалгалт хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр тэднийг онгоцноос буулгажээ.
Үүний улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компанийн зүгээс хүлцэл өчиж, нөхцөл байдлын талаар тухай бүрд нь мэдээлэх болно гэдгийг МИАТ компанийн зүгээс Фейсбүүк хуудсаараа мэдээлсэн нь энэ юм.
Э.АРИУН