Хорвоо дэлхий дээр байж боломгүй зүйлийн нэгд хэрээ шувууг хараас өөр өнгөтэй төрөх явдал хэмээн онцолдог. Тэгвэл саяхан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянголын ам буюу олны нэрлэж заншсанаар Найрамдал зуслангийн ойролцоо цагаан хэрээ мэндэлсэн байна. Улаан хошуу, улаан нүдтэй цагаан зүсмийн хэрээ гурван сарын өмнөөс Баянголын аманд үзэгдэх болсон бөгөөд эх нь болон 3-4 хар хэрээ түүнийг хамгаалан нисэх болсныг нутгийн олон баталж байгаа юм. Мянган жилд нэг удаа төрдөг гэх энэхүү цагаан хэрээг харах, сонжих гэсэн олны хөл нэмэгдэж, шувуу судлаачид ч дуран авайгаа агсан олонтаа очсон гэнэ. Гэвч харамсалтай нь хэрэгт дуртай хүмүүсийн балгаар цагаан хэрээ наадмын өмнөхөн хорвоогоос хальжээ. Олон хүн зэрэг хошууран дайрснаас цагаан хэрээ дээш хөөрөх замдаа өндөр хүчдэлийн шугам мөргөн, цахилгаанд цохиулсан байна. Хачирхалтай нь түүний эх хэрээ үрийнхээ араас өөрийн дураар мөн хальсан нь тэнд цугласан олныг шимшрүүлсэн гэнэ. Шувуу судлаачид Монгол оронд цагаан хэрээ мэр сэр төрдөг гэж байгаа ч энэ удаагийнх шиг ийн олонд харагдсан нь үгүй гэнэ. Сонин содон төрх, зүстэй төрсөн араатан жигүүртэн богино настай, хоромхон зуур үзэгдээд өнгөрдөг тухай өгүүлж байлаа. Харин бөө мөргөлчид “Цагаан хэрээ сайн хэл тээж ирсэн ч нэвтэрч чадалгүй үхүүлсэн нь муугийн ёр” хэмээн айлдсан байна. Ямартай ч хоромхон зуурт үзэгдээд өнгөрсөн цагаан хэрээний талаар Баянголын амныхан одоо ч ярьсаар байна. Олон улсын Найрамдал зуслангийн багш Энхээгийн авсан цагаан хэрээний энэхүү гэрэл зураг цагаан хэрээ төрсөн гэдгийг баталж байгаа юм.
Д.Цээпил
Д.Цээпил