Уулын цанын 2019 оны ДАШТ Швед улсын Оред явагдаж байгаа. Энэ сарын 4-нд эхэлсэн ДАШТ замынхаа хагасыг туулаад байгаа ба өчигдөр орой эмэгтэй жиант слалом төрлийн уралдаан болж медалийн эздээ тодруулсан байна. Тус төрөлд 23 настай Петра Вльхова 2 гулгалтын нийлбэр үзүүлэлтээр 2 мин 01.97 сек-н амжилтыг үзүүлэн дэлхийн аваргын алтан медаль хүртжээ. Энэ бол Словак тамирчны дэлхийн аваргаас хүртэж буй анхны алтан медаль юм. П.Вльхова эхний гулгалтаар 1 мин 01.10 сек-н амжилт үзүүлж дэд байранд орох амжилтыг үзүүлсэн бол дараагийн гулгалтаараа 1 мин 00.87 сек-н амжилт үзүүлж 3-р байранд орох амжилт үзүүлсэн. Ингээд нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн юм.
Тэгвэл дэд байранд орсон Германы В.Ребенсбург эхний гүйцэтгэлдээ 1, дараагийн гүйцэтгэлдээ 9-р байранд бичигдэх амжил үзүүлж нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн. Харин хүрэл медалийг АНУ-ын шилдэг тамирчин М.Шиффрин хүртжээ. Өнөөдөр эрэгтэй жиант слалом төрлийн уралдаан дүнгээ гаргана.
Б.БЯМБАБАЯР