Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээнд /Хацү башё/ Монголын 22 бөх барилдсанаас Макүшита зиндаанд “Мичинокү” дэвжээний бөх Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн амжилттай барилдаж, ирэх тэмцээнд Жюүрёод дэвшин барилдахаар болсон. Тэрбээр дөрвөн жилийн өмнө багштаа амалсан амлалтаа биелүүлж эх орондоо түр хугацаагаар иржээ. Тухайн үед багшдаа “Сэкитори болтлоо Монгод харихгүй гэж андгай тангараг өгсөн” түүний хувьд Монголоос төрсөн 34 дэх цолтой сүмоч болж байгаа юм.
Цолтны эгнээнд багтаж, ирэх гуравдугаар сард Жюүрёо зиндаанд барилдах болсон Кирибаяма Б. Лхагвасүрэн мэргэжлийн сүмод элссэнээс хойш 23 башё барилдаж, цолтой бөх боллоо.
22 настай залуу дөрвөн хоногийн хугацаатай эх орондоо гэр бүлийнхэнтэйгээ ирж, маргааш Японыг буцахаар болжээ.