Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.
Тус наадмын хүрээнд Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно. Тэмцээн уулын цанын слалом буюу туг сүлжих төрлөөр мэргэжлийн эрэгтэй, сонирхогчдын эрэгтэй, сонирхогчдын эмэгтэй ангиллаар явагдана.
Өвлийн спортоор хичээллэх нь амьсгалын замын эрхтнүүдийг дэмжин, үе мөч бэхжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн булчинг бэхжүүлэх, уян хатан болгох, сэтгэл санааг сэргээх, гүн унталтыг дэмжих зэрэг маш олон эрүүл мэндийн ач холбогдолтой юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.