Хэрэглээгээрээ толгой цохидог ч ашгаараа сүүл мушгисаар

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Хэрэглээгээрээ толгой цохидог ч ашгаараа сүүл мушгисаар

Цахим ертөнцийг цаг өнгөрөөх хэрэгсэл бус орлого олдог лангуу болгон харах нь чухал

Хэрэглээгээрээ толгой цохидог ч ашгаараа сүүл мушгисаар

Хэрэглэгчийн тоогоороо Хятадын хүн амыг хоёр нугалсан “их гүрэн” орчин цагийн дэлхийд үүсээд цөөнгүй жилийг үдэж байна. Хил хязгаар, арьс өнгө, шашин шүтлэгээр хүн төрөлхтнийг үл ялгаж, нэгэн дээвэр дор нэгтгэсэн нийгмийн сүлжээний Facebook цахим хуудсыг идэвхтэй хэрэглэгчийн тоо 2018 оны дөрөвдүгээр улиралд 2.6 тэрбум давжээ. Facebook-ийг улс гэж үзвэл хүн амын тоогоор БНХАУ, Энэтхэгийг нийлүүлсэнтэй бараг дөхөж очих бол эдийн засаг, зах зээлийн чадал чинээгээр дэлхийн хамгийн хүчирхэг улсад зүй ёсоор тооцогдоно. Тэгвэл нийгмийн сүлжээний Instagram цахим хуудас хэрэглэгчийн тоо дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ-ын хүн амаас гурван дахин өндөр аж. Дэлхийн газрын зурагт тэмдэглээгүй ч, хүчирхэг гүрнүүдтэй зах зээлийн хүчин чадлаар дүйх, цахим ертөнц дэх шинэ бүлэг, нэгдлүүд улам хүрээгээ тэлсээр байгаа юм.

Бид ч энэ цахим талбарын гишүүд. Өнөөдөр гурван монгол хүн тутмын хоёр нь нийгмийн сүлжээнд нэгдэж, интернэт идэвхтэй ашиглаж байна. Манай интернэт хэрэглэгчийн тоо сүүлийн 20 гаруй жилд бараг 4400 дахин өсөж, 2018 оны дөрөвдүгээр улиралд 2.2 саяд хүрснийг Hootsuite платформд дурджээ. Ер нь Монголд нийгмийн сүлжээний аль нэг хуудсанд нэгдээгүй хүн олох хэцүү болсон төдийгүй хөгшин, залуугүй идэвхтэй хэрэглэж байна.

Үүнээс үзэхэд гишүүнчлэлийн тоо, хэрэглэгчдийн худалдан авах чадлаар нийгмийн сүлжээ, цахим зах зээл яалт ч үгүй шунал төрүүлж, хорхой хүргэм, арилжааны лангуу болчихоод байгаа юм. Гэвч бид эдгээр цахим хуудаст цаг заваа хайр гамгүй үрдэг атлаа нийгмийн сүлжээ дагасан хэрэглэгчдийн төвлөрлийг ашиглан арилжаа наймаа хийх, бизнесийн зорилгоор зөв зохистой, үр ашигтай ашиглаж буй нь хэр олон бол. Мэдээж, энэ төрлийн цахим хуудасны хэрэглээ, ашиглалтаар бид бүс нутаг төдийгүй дэлхийд дээгүүрт бичигддэг.

Гэтэл үүнийг дагасан бизнес, арилжааны шинж чанартай үйлчилгээ өнөө хэр зах замбараагүй, зохицуулалтгүй өрнөсөөр байна. Цахим худалдааны талбарт хамгийн том байр суурь эзэлж буй нийгмийн сүлжээн дэх арилжаа хар зах шиг үргэлжилсээр. Зарын шинжтэй цахим хуудсаар дүүрч, чанарын баталгаагүй, үнийн зөрүүтэй бараа бүтээгдэхүүн өнөө хэр борлуулж, худалдан авагчдыг хохироосоор байна. Сар шинийн баяраар гэхэд дэлгэцээр далдалсан цахим зах зээлээс чанаргүй бараа худалдан авч, хулхидуулсан иргэн цөөнгүй байв. Уг нь технологийн хөгжил дагасан энэ төрлийн үйлчилгээний үр ашиг, хэмнэлт, хялбар байдлыг хэрэглэгчид хүртэх учиртай ч иргэдийн итгэлийг буруугаар ашиглан, ашиг хонжоо хайх, хохироох увайгүй үйлдэл гарсаар байгаа аж.

Гурван монгол хүн тутмын хоёр нь интернэт идэвхтэй ашиглаж байна

Олон улсад цахим худалдааны бие даасан платформуудад түшиглэн хөгждөг бол манайд хэрэглэгчдийн хэрэглээ даган нийгмийн сүлжээнд төвлөрч байгаа юм. Гэтэл энэ хэсэгт нь цахим худалдааны соёл, дадал борлуулагчид төдийгүй хэрэглэгчдийн хувьд ч төлөвшин тогтоогүй хэвээр байна. Энэ хэрээр манайд дижитал эдийн засаг, цахим худалдааны тэлэлт зарим улсынхаас удаан, яст мэлхийн хурдаар урагшилж байна.

Дэлхийн мөнгөний урсгал цахим ертөнцийг чиглэх болж, энэ зах зээлээс хэд бол хэдэн зуун саятан төрөн гарсаар байна. Хэд хэдэн сэтгүүлийн жагсаалтаар орчин цагийн дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорсон, 130 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй (2018 оны байдлаар) Жефф Безос интернэт худалдааны салбараас мэндэллээ. Мөн АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнд бүхий IPO-ийг мөн л интернэт худалдааны салбарын компани болох Alibaba арилжсан. Үүнээс үзэхэд мөнгө, өсөлт, өгөөж яах аргагүй гарт баригдахгүй ч дэлхийг сүлжсэн интернэт худалдаанд байна.

Цахим худалдаа дэлхийг хавтгай болгож, зуучлагчгүй, ченжгүй, хил хязгааргүй мөнгөний урсгал цахим дэлхийг хэрж байна. Энэ шилжилтийг Хятад, АНУ хамгийн овжин ашиглаж, худалдаа арилжаагаа огцом өсгөж байна. Манай өмнөд хөршийн цахим худалдаа дэлхийн нийт худалдааны бараг тэн хагасыг бүрдүүлэхэд ойртлоо.

Цахим түрэлт тус улсын худалдааны бүх урсгал чиглэлд нэвтэрснээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн худалдаа 46 хувь өсөж, 32 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнийг даган хойд хөрш ч цахим худалдааг хурдтай хөгжүүлж байна. Зөвхөн 2018 он гэхэд хятадын гурван сая өрх оросоос хүнсний бүтээгдэхүүн худалдан авчээ. Тухайлбал, оросын “Красный октябрь" шоколадны үйлдвэр нийт бүтээгдэхүүнийхээ 72 хувийг онлайнаар борлуулдаг болсон байна.

Улс орнууд цахим талбарыг мөнгө болгон ашиглаж байхад бид хэрэглээ талдаа хэнийг ч дагуулахгүй атлаа өгөөж хүртэх, мөнгө олохдоо ургаа хад шиг байгаа юм биш биз. Уг нь цаг зав хэмнэж, дундын зуучлагчийг халж, түрээс, нэмэлт зардлыг тэглэх энэ төрлийн бизнес худалдан авагч төдийгүй аж ахуйн нэгжүүдэд үр ашигтай. Хүссэн хэнийг ч худалдаачин болгож, бизнес эрхлэх боломжийг олгоно. Ер нь дэлхийн бизнесийн чиг хандлагыг танигдахын аргагүй болтол нь өөрчилсөн цахим худалдааны давуу тал, үр ашгийг дурдаад байвал дуусахгүй.

2030 он гэхэд дэлхийн худалдааны 99 хувь нь онлайн хэлбэрт шилжинэ гэж томоохон шинжээчид таамаглаж байна. Гэтэл арав хүрэхтэй үгүйтэй жилийн дараа болох энэ өөрчлөлт, хувьсалд бид бэлэн үү. Хүргэлтийн үйлчилгээ, хотжилт зэрэг цахим худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал хэмээн салбарынхан учирладаг.

Тэр тусмаа далайд гарцгүй, хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс зах хязгааргүй зах зээл рүү хөтлөх цахим худалдааг бусдаас илүү хурдтай хөгжүүлэх нь чухал. Интернэтийн хурд, хэрэглээгээрээ монголчууд бусад улсаас дутахгүй байж болох ч үүнийг үр ашигтай ашиглах, ажил хэрэгч, аж ахуйч байдлаар хандах нь илүү чухал биш гэж үү.

Манай зохицуулах байгууллагууд цахим орчин дахь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг аль нэг хуулиар далайлган хаах боогдуулах гэж оролддог.

  • Манай интернэт хэрэглэгчийн тоо сүүлийн 20 гаруй жилд бараг 4400 дахин өсөж, 2018 оны дөрөвдүгээр улиралд 2.2 саяд хүрснийг олон улсын Hootsuite платформд дурджээ. 
  • Монголд нийгмийн сүлжээний аль нэг хуудсанд нэгдээгүй хүн олох хэцүү болсон төдийгүй хөгшин, залуугүй идэвхтэй хэрэглэж байна. 
  • Манайд дижитал эдийн засаг, цахим худалдааны тэлэлт зарим улсынхаас удаан, яст мэлхийн хурдаар урагшилж байна.

Гэтэл цахим орчин дахь худалдаа үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа оновчтой зохицуулалт, анхаарал нэхсээр байна. Гэхдээ төр энэ зах зээлд оролцохдоо иргэн болон бизнес эрхлэгчийн аль алиных нь эрх ашгийг хөндөхгүй, харин ч ээлтэй байдлаар шийдэж чадвал цахим худалдаа хөгжих хөрсийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, иргэд ч, төр ч тэр цаг өнгөрөөх хэрэгсэл бус орлого олдог лангуу болгон харах нь чухал байна.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж