Ц.Батнасан: Төгсөөгөө үнэхээр том тулаанч болсныг харлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Ц.Батнасан: Төгсөөгөө үнэхээр том тулаанч болсныг харлаа

Улсынхаа ачийг хариулж амжаагүй тамирчдыг мэргэжилд орохыг зөвшөөрөхгүй

Ц.Батнасан: Төгсөөгөө үнэхээр том тулаанч болсныг харлаа

Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасантай уулзаж ярилцлаа. Тэрбээр ярилцлагадаа саяхан болоод өнгөрсөн Н.Төгсцогтын тулаан, түүний цаашдын ирээдүй, Токиогийн олимпод оролцох Монголын боксчдын зорилгын талаар дэлгэрэнгүй хүүрнэсэн юм.

-Н.Төгсцогтын тулааныг Монголоос нэлээд олон хүн очиж үзсэний нэг нь та. Тулааны өдөр ордонд хэчнээн монгол байв, уур амьсгал ямархуу байсан бол?

-Монголчууд зохион байгуулалт сайтай байна лээ. Ганхуяг гэж залуу зохион байгуулалтыг удирдаж, монголчуудыгаа нэг дор суулгасан. Хүмүүсийн яриагаар бол Монголын 400-гаад хүн тоглолтыг газар дээрээс нь үзсэн. Хэдийгээр бид нэгдсэн зохион байгуулалттайгаар тоглолт үзсэн ч анхаармаар юм бас харагдаж байна лээ. Төгсөөгийн дараа Польшийн тамирчин тоглоход польшууд бүгд улсынхаа далбааг барьж, далбааныхаа өнгөтэй футболкоор жигдэрсэн байсан. Польшийн хөгжөөн дэмжигчид тэр олон хүн дундаас ялгарч чадсан. Бид ч бас тэднээс үлгэр дуурайл авмаар санагдсан.

-Тулааныг ордон дотор үзээд суухад ямар мэдрэмж төрж байв?

-Өөрөө рингэнд гарчихсан юм шиг бие арзайгаад, хүйтэн хөлс чихраад эвгүй л юм билээ. Би тамирчин байх үедээ олон чухал тулаанд оролцож байсан. Тэр ч утгаараа төгсөөд ямар их дарамт ирж байгааг мэдэрсэн. Мэдээж өрсөлдөгчөөсөө айна гэж байхгүй. Гэхдээ ялагдлын айдас гэж юм бий. Энэ нь тамирчин хүнд нэг талаар дарамт болдог. Манайхан бөөндөө цуглачихаад, Төгсцогт баталгаатай ялна гэж хүлээж байдаг. Гэтэл өрсөлдөгч нь амар амьтан биш шүү дээ. Өмнө нь дэлхийн аварга болоод үзчихсэн, туршлагатай, солгой өрөлттэй, ер нь төгсөөд эвгүй өрсөлдөгч байхгүй юу. Тиймээс жаахан санаа зовж байлаа. 12 раунд тоглоход сэтгэл зүйгээ бэлдэнэ гэдэг маш чухал. Манай хүн өмнө нь дээд тал нь 10 раунд л тоглож үзсэн. Тэгээд ихэнхийг нь хугацаанаас өмнө дутуу гаргасан. Тэр ч утгаараа Төгсцогтод томхон сорилт болсон л доо. Гэхдээ манай хүн хэнэггүй талдаа болохоор харьцангуй бага стрессдсэн байх. Би тоглолтын өмнө бол төгсөөтэй уулзаагүй. Угаас их дарамттай байхад нь очиж нэрмээс болоод яахав гэж бодсон юм. Харин Э.Бадар-Ууган 10-аад минут уулзсан. Хоол орохгүй, нойр хүрэхгүй байна гэсэн байна лээ. Энэ бол сэтгэл зүйтэй холбоотой л доо. Гэсэн ч манай хүн бүгдийг даваад гарлаа. Бүтэн 12 раунд тулалдах чадвартай юм байна гэдгээ харуулсан нь их чухал. Үеийн дундуур дасгалжуулагч нар нь “Чи үе бүрт ялж байгаа учраас 12 раунд тоглоод үз. Энэ ачааллыг чиний бие яаж хүлээж авахыг үзмээр байна” гэсэн юм билээ. Нэг ёсондоо хугацаанаасаа өмнө дутуу гаргах гэж хичээх хэрэггүй гэсэн үг. Тиймээс манай хүн боломж байсан ч улайрч дайралгүй тогтож тоглосон байх.

-Энэ удаа Н.Төгсцогт өөрийнхөө тоглолтыг 100 хувь гаргаж чадаагүй юм шиг санагдсан. Та ямар бодолтой байна вэ?

-Жаахан зууранги байна лээ. Жингээ илүү их тавиад, биеэ сайн халаах хэрэгтэй байсан болов уу гэж бодсон. Хоол идэж чадахгүй, нойр хүрэхгүй бол тоглолтоо бүрэн гаргахад хэцүү л дээ. Гэхдээ энэ бол дамжлага байхгүй юу. Ийм юм үзэж, туулж байж л амжилт гаргана. Дандаа супер тулаан хийж, нам цохиж унагаад байх боломжгүй. Нэг ёсондоо дэлхийн хэмжээний аварга болж, өөрийгөө батлан харуулахын тулд суралцах ёстой юмандаа суралцаад л явж байна.

-Тулааны дараа өөртэй нь уулзав уу. Юу ярьж байх юм?

-Шөнө нь хальт уулзаад салсан. Том хамгаалалтад орсон, том тамирчин болжээ гэдэг нь харагдсан. Промоутерийн баг нь хүмүүстэй дураар нь уулзуулдаггүй юм байна. Миний хувьд учиргүй захиж хэлээд байх юм юу байхав. “Үзье гэсэн юмаа үзлээ” гэж байна лээ.

-Дараагийн өрсөлдөгч нь албан ёсоор тодорчихлоо. WBA холбооны аварга гэри расселтай хийх тулаан нь ямархуу болно гэж бодож байна вэ?

-Өмнөхөөс чангарна уу гэхээс сулрахгүй нь ойлгомжтой. Мэргэжлийн бокст ганц л ялагдсан нөхөр байна лээ. Төгсөөгийн хувьд туршлага дутна гэж юу байхав. 10 жилийн өмнө дэлхийн аваргаас медаль авч байсан гэхээр яаж ч бодсон туршлага дутахгүй. Ер нь төгсөө аль ч талаараа илүүрхэх боломжтой. Хамгийн гол нь яг тэр өдөр өөрийгөө тулаанд бэлэн байлгах нь чухал. Биеэ бэлдэх, жингээ зөв тавих, сайн амрах, тактикаа зөв боловсруулах гээд жижиг юм шиг хэрнээ тулаанд нөлөөлөх олон хүчин зүйл бий.

-Та цагтаа мэргэжлийн бокст хүч үзэж явсан хүн. Ер нь Монголын боксын холбоо өөрийн тамирчнаа мэргэжилд оруулах тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Бидний хувьд ид тоглож байгаа тамирчдаа мэргэжлийн бокст өгье гэж боддоггүй. Н.Төгсцогтын тухайд Монгол Улсын төлөө хийх ёстой юмаа хийж, олимп, дэлхийгээс мөнгөн медаль авсан хүн шүү дээ. Нэг байтугай нэлээд хэдэн хүний гаргаж чадахааргүй амжилтыг ганцаараа гаргачихаад хувийн карьераа хөөгөөд явсан болохоор ямар ч асуудалгүй. Харин улсын хөрөнгөөр тэмцээн уралдаанд орж, цалин авч, зардлаа даалгуулсан хэрнээ улсынхаа төлөө хийх юмаа хийж амжаагүй бол бид мэргэжлийн бокс руу явуулахгүй. Жишээ нь, Э.Цэндбаатарыг Монгол Улс 10 шахам жил тэжээчихлээ. Энэ тамирчин одоо л улсынхаа нэрийг гаргаж эхэлж байна. Өнгөрсөн жил азийн наадамд түрүүллээ. Одоо Э.Цэндбаатар олимп, дэлхийгээс медаль авч, улсынхаа ачийг хариулах ёстой. Тэгээд дараа нь явж болно. Энэ нөхцөлд бол бид тусална. Би энэ талаар Цэндбаатартай өөртэй нь ч ярьсан. “Юу юугүй яараад мэргэжилд гарч, Н.Төгсцогт шиг болох юмсан гэж боддог байж магадгүй. Гэхдээ энэ хүн улсынхаа төлөө хийдгээ хийчихээд явсан юм. Тиймээс чи 2020 он хүртэл олимп, дэлхийгээс медаль авах ёстой. Үүний дараа мэргэжил рүү гарахад асуудалгүй” гэсэн. Бусад тамирчдын хувьд ч адилхан. Бид тухайн тамирчныг бэлдэхийн тулд ямар их хүч, хөрөнгө зарцуулж байгаа билээ. Нэг тамирчин гадаад руу тэмцээнд явахад 5-6 сая төгрөг зарцуулна. Тэгээд жилдээ хэд хэдэн тэмцээнд орно гэж тооцвол багагүй зардал гарч байгаа. Тиймээс тамирчид энэ бүгдийг бодолцох л ёстой.

Бокс олимпын хөтөлбөрт үлдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй

-Улсаас боксчдыг хэр дэмжиж байна вэ. Хуваарилж байгаа мөнгө нь хүрэлцэж байна уу?

-Боксын спортыг улс даяар хөгжүүлэх тухай яривал улсаас өгч байгаа мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй. Улс бол зөвхөн шигшээ багийг дэмжиж байгаа. Одоо боксын шигшээд таван дасгалжуулагч, 23 тамирчин байна. Энэ 28 хүнд бол улсаас өгч байгаа мөнгө хангалттай. Өмнө нь ямар байлаа. Шигшээ баг ч гэж байсангүй. Улсаас нэг ч төгрөг өгдөггүй үе саяхныг хүртэл байсан шүү дээ. Харин одоо улс чадлаараа харж үзэж байна. Бэлтгэл, тэмцээний мөнгө өгч, цалинжуулж байна. Амжилт гаргаад ирвэл шагнаж байна. Тиймээс амжилт гаргах эсэх нь тамирчдаас өөрсдөөс нь л шалтгаална.

-Боксын спорт олимпын наадмын хөтөлбөрөөс хасагдах вий гэсэн аюул бий. Ер нь нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Бокс олимпоос хасагдана гэж байхгүй ээ. Сүүлд AIBA-гийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Гафур Рахимовыг гэмт хэрэгтэн, ийм хүнтэй ОУОХ хамтрахгүй гэсэн үүднээс AIBA-д дарамт үзүүлээд байгаа. Гэхдээ нэг хүнээс болоод тэр олон тамирчны эрх ашгийг хохирооно гэж байхгүй. Бокс бол анхны олимпоос эхлээд хөтөлбөрт нь багтсан төрөл. AIBA-гийн ерөнхийлөгч ОУОХ-той учраа хэрхэн ололцох нь тусдаа асуудал. Харин бокс бол олимпод байдгаараа байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

-Монголын боксчид сүүлийн гурван олимп дараалан медаль авсан. Токиод ч гэсэн амжилтаа үргэлжлүүлэхийг зорьж байгаа нь тодорхой. Айсуй олимпод хэдэн тамирчинтай орж, хэдэн медаль авахаар зорьж, төлөвлөж байна вэ?

-Бид одоохондоо жингийн асуудалд илүү анхаарч байна. Сая AIBA-гийн хурлаар эрэгтэй найм, эмэгтэй таван жинтэй болгочихлоо. Энэ өөрчлөлт манайд ашиггүй. Шинэ жингийн ангиллаар 60 кг байхгүй болж байна. Уг нь 60 кг гэдэг Монголын ганц супер жин шүү дээ. Манай боксчид үеийн үед энэ жинд медаль авсаар ирсэн. Одоо л гэхэд бид Э.Цэндбаатарыг энэ жинд бэлдэж байна. Жингийн өөрчлөлтийг ганц манайх ч биш, олон улс эсэргүүцэж байгаа. Шинэ жин батлагдсанаас хойш зохиогдсон бүх тэмцээн хуучин жингээрээ яваад байна. Энэ нь улс орнууд жингийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Ирэх дөрөвдүгээр сарын 16-27 нд тайландад азийн аварга болно. Эндээс ДАШТ-ий эрх өгнө. Харин дэлхийн аваргаас олимпын эрх өгнө. Гэтэл азийн аварга хуучин жингээрээ болохоор тогтсон байна. Ер нь энэ азийн аваргаас эхлээд бүх зүйл холбоотой болно. Хэрэв 60 кг-д ДАШТ-ий эрх авч, дэлхийн аваргаас олимпын эрхээ авчихвал яах вэ. Олимпод оруулахгүй гэж болохгүй шүү дээ. Тиймээс олимп хуучин жингээрээ явагдах байх гэсэн хүлээлт бий. Ерөнхийдөө бид эрэгтэй 4-6 тамирчинтай олимпод орж, 1-2 медаль авахыг зорьж байгаа. Энэ дундаа алтан медаль авах  нь бидний гол зорилго. Эмэгтэй тамирчдын тухайд олимпод орж байгаагүй. Одоо бол манай эмэгтэй боксын шинэ үе гараад ирлээ. Энэ хэддээ маш их итгэл хүлээлгэж байгаа. Ямар ч байсан олимпын эрх авах, цаашлаад олимпоос анхны медалиа авах том зорилго тавьчихаад үзээд байна. Олимпын наадмын боксын тэмцээн сүмогийн “Рёогокү Кокүгикан” ордонд зохиогдох юм билээ. Энэ бол монгол хүнд ээлтэй, монголчуудын энерги шингэсэн газар шүү дээ. Бид Бээжингийн олимпод гэртээ байгаа мэт байсан бол токиод ч гэсэн ялгаагүй.

-Д.Отгондалай, У.Мөнх-Эрдэнэ гавьяатууд бэлтгэлээ хийж байгаа юу. Цаашид тэмцээнд орох уу?

-Бэлтгэлээ хийлгүй яахав. Нас бол зөвхөн тоо гэдгийг тэд харуулж байгаа. 30 хүрсэн хойноо өндөр амжилт гаргаж болдгийг энэ боксчид харуулсан. Д.Отгондалай хэсэг хугацаанд завсарлага авсан. Ер нь жаахан амарч байгаад эргээд ирэхэд сэргэлт болно шүү дээ. Одоо бэлтгэлээ хийж байгаа. У.Мөнх-Эрдэнэ гэхэд 37 нас хүрчихлээ. Тэгсэн хэрнээ улсын аваргын финалд шалгарч, залуучуудыг хашраагаад явж л байна. Ер нь Мөнх-Эрдэнэ бэлтгэл хийхгүй байна гэж үгүй дээ. Боксоо орхисны дараа ч гэсэн бэлтгэлээ хийсээр байх болно гэдгийг би маш сайн мэдэж байна.

-Дараагийн Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, У.Мөнх-эрдэнэ хэр бэлтгэгдэж байна вэ. Ер нь улсын хэмжээнд хэчнээн хүн боксоор идэвхтэй хичээллэж байгаа бол?

-Одоо Улаанбаатар хотод хувь, хувьсгалын нийлсэн 30 гаруй клуб ажиллаж байна. Энэ дотор хүүхдүүдтэй идэвхтэй ажилладаг клуб байна, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь ч бий. Сүүлийн үед хүмүүс турах зорилгоор аэро боксоор их хичээллэдэг болсон байна. Гоё бие хаатай болоход боксын бэлтгэл хамгийн сайн байдаг. Орон нутагт бол бараг говьалтайгаас бусад бүх аймагт боксын секц дугуйлан хичээллэж байна. Тиймээс бүсчилсэн тэмцээн хийх талаар хүртэл ярьж байна. Одоо өсвөр, залуучуудын улсын аваргад дандаа хөдөөний багууд түрүүлдэг боллоо. Мэдээж энэ дунд дараагийн залгамж халаа бэлтгэгдсээр байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж