Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч яваа Хэнтийчүүдээс энэ удаад нэгэн бүсгүйг онцоллоо. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах долдугаар ажиллагаанд оролцохоор өнгөрсөн 2018 онд Онцгой байдлын албаны 26 алба хаагч эх орноосоо мордсон билээ. Тус алба хаагчдын дунд Хэнтий аймгаас анх удаа эмэгтэй алба хаагчаа илгээсэн нь Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал юм.
–Алс холын Өмнөд Судан улсад сайн сууж байна уу? Урилгыг маань хүлээн авч интернетээр ярилцах цаг гаргасанд баярлалаа.
-Амар мэнд сууна аа. Алс холын газраас элэг нэгт Монголчууд, нутгийн олон түмэнтэйгээ учран золгож байгаадаа баяртай байна. Та бүхэн минь сайхан шинэлэв үү. Миний бие Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад өнгөрсөн таван сарын хугацаанд Монгол Улсынхаа бие бүрэлдэхүүний хамт НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож явна даа.
–Анх Судан улсад хөл тавьсан сэтгэгдлээ хуваалцаач?
-Анх энэ улсад ирээд хүүхдүүдийг нь хараад эх хүний хувьд үнэхээр сэтгэл эмтэрсэн. Өөрийн эрхгүй нүднээс нулимс урссан. Хамгийн түрүүнд өөрийгөө ямар сайхан эх оронд төрсөн, ямар их хувь тавилангаар амар амгалан, аз жаргалтай амьдарч яваа юм бэ гэж бодогдсон. Эх орноо хайрлах, бахархах сэтгэл төрж байсан даа.
-НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг мэдээж амаргүй байх?
-Энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас оролцож байгаа гуравдах эмэгтэй алба хаагч. Харин Хэнтий аймгаасаа анх удаа оролцож байгаа гэдэг утгаараа нутаг орон, ард түмэн маань өндөр хариуцлага хүлээлгэсэн гэж ойлгож байгаа. Өөрийгөө дайчилж, маш олон зүйлийг сурч, мэдэж байна. Энд алба хаана гэдэг цэргийн хүнээс асар их сэтгэлийн тэнхээ шаарддаг. Нэрний минь өмнө эцгийн минь нэр, эцгийн минь нэрний өмнө нутгийн минь нэр явдаг учраас миний хувьд олон аавын хөвгүүд, охидтой мөр зэрэгцэн, ажил үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа.
-Гэр бүл, эх нутгаа их санаж байна уу?
-Маш их санаж байна. Шөнө орондоо сэмхэн уйлах үе бий. Гэхдээ би чинь эх орондоо тангараг өргөсөн цэрэг хүн шүү дээ. Эх орноо бодоод л уужирдаг. Монголчууд бид үнэхээр азтай бас баян хүмүүс юм байна.
-Баярлалаа танд. Цэнхэр дуулгатнуудын нэг болж, дэлхийн энх тайвны төлөө ажиллаж байгаа их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: ОБЕГ