Мелоди Хэймс хэмээх 30 настай Англи бүсгүй 20 жилийн өмнөөс морины үс засах болж өдгөө үүнийгээ урлаг болтол нь хөгжүүлжээ. Түүнийг есөн настай байхад нь хамгийн хайртай одой морь нь арьсны өвчин тусч, үс нь хэт их урган, дулааны улиралд ч үс нь унахаа больсон тул мориныхоо үсийг засаж байсан гэнэ. Багаасаа урлагт дуртай байсан түүнд морины үсийг зүгээр нэг авах биш өвөрмөцөөр зөсч, янз бүрийн хээ хуарыг дүрсэлж болох юм байна гэсэн санаа төрсөн аж. Ингээд өөрийнхөө морьдын үсийг олон янзаар засч эхлэхэд, хүмүүс ч түүнд хандан морины үсийг засуулахаар хандах болсон бөгөөд “Морины үсчин” гэх нэртэй болсон байна. Улмаар морины томоохон сэтгүүлүүдэд түүний тухай гарах болж, телевизийн шоу нэвтрүүлгүүд Мелодиг урьдаг болжээ. Тэрбээр өдөр бүр маш их захиалгад дарагддаг болсон бөгөөд нэг морины үсийг засахад хоёроос таван цагийн хугацаа зарцуулдаг. Өдөртөө дунджаар таван морины захиалга авдаг аж.
“Би энэ ажилдаа үнэхээр дуртай. Бараг донтсон гэж хэлж болно. Морины үсийг засаад эхлэхээр хажууд юу болж байгааг ч анзаардаггүй нэг мэдэхэд орой болчихсон байдаг. Миний хувьд морь бол хамгийн үзэсгэлэнтэй бас ухаантай амьтан. Би моринд их хайртай. Над дээр үсээ засуулах гэж ирсэн морьд их дуулгавартай байдаг. Байгалийн үзэсгэлэнтэй бүтээлийг улам төгс төгөлдөр харагдуулах нь миний ажил” хэмээн Мелоди бүсгүй ярьжээ.
Нэг удаа Мелоди амьтныг зэрлэг балмадаар зовоон тарчлаасан хэргээр шүүхэд дуудагдаж байжээ. Түүний хийж байгаа ажлыг зарим хүмүүс амьтны эрхийг зөрчиж байна гэж эсэргүүцдэг ч ихэнх хүмүүс түүнийг морьдтой хэрхэн эелдэг зөөлөн аясаар нь харьцаж, чин сэтгэлээсээ ажилладгийг мэддэг учир маш олон үйлчлүүлэгчтэй болсон байна.
Холбоотой мэдээ