Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны хурал 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр болж “Парламент” ТВ4, ТВ9 телевизийн эфирээр цацагдсан мэдээлэл сэтгүүлчийн ёс зүйг зөрчсөн байна гэсэн иргэдийн гомдлыг хэлэлцлээ.
Энэ хурлаар хэлэлцсэн гомдлоос “Парламент” телевизэд ирсэн гомдол сэтгүүлчдийн гаргадаг санамсаргүй алдааны жишээ байлаа. Иргэн Л.Н өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр “Парламент” телевизээр нэвтэрсэн “Төв цэг” мэдээллийн хөтөлбөрт гомдол ирүүлсэн юм. Энэ өдөр “Төв цэг” мэдээллийн хөтөлбөрөөр бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдэд шүүхээс ял оноосон ч шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаа тухай өгүүлж, хохирогч болсон нэгэн хүүхдийн ээж тус телевизийн сэтгүүлчид яриа өгчээ. Харин түүний яриаг телевизээр нэвтрүүлэхдээ нүүр царайг ил гаргаж, нэр усыг дурдсан нь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг зөрчсөн гэсэн гомдол гаргасан.
Гомдлыг Ёс зүйн хорооны гишүүд хэлэлцээд “Олон нийтэд зориулан бэлтгэж, түгээсэн мэдээллийнхээ үр дагаврыг тооцоолоогүй, хохирогч буюу үйл явдлаас үр дагавар хүртсэн эх сурвалжтай хамаарал бүхий хүнээс мэдээлэл авч дүрс бичлэг хийхдээ мэдрэмжтэй хандаагүй, олон нийтийн сонирхолтой холбогдолгүй байхад эх сурвалжийн нэр, дуу хоолой, дүрсийг ил тодоор, ямар нэг өөрчлөлтгүйгээр гаргасан, “бэлгийн мөлжлөгт өртсөн”, “хохирогчийн ээж” гэх зэргээр хохирогчийн тухай танигдахуйц байдлаар илэрхийлж тус гэр бүлийн “эмзэг” хувийн нууцад нь халдаж, сэтгэл санааны хувьд дарамттай байгаа нөхцөл байдлыг тооцоолоогүй байна гэж үзэн “Парламент” телевиз нь Сэтгүүлчийн Ёс зүйн зарчмын 2.4, 6.2, 6.6, 6.8 заалтуудыг зөрчсөн гэж үзсэн юм.
Хоёр дахь гомдол нь ТВ4 телевизийн “4 дэх засаглал” мэдээллийн хөтөлбөрийн хоёр мэдээнд хамаатай гомдол байлаа. Тухайлбал, 2018 оны есдүгээр сарын 29-ний өдрийн “Сандуйгийн тушаалаар түүний бие төлөөлөгч болох Гантөмөр гэгч СХД, ХУД, СБД-ийн иргэдээс 200 орчим сая төгрөг босгожээ”, 2018 оны аравдугаар сарын 9-ний өдрийн “Ц.Сандуйтай холбоотой авлигын хэргийн мэдээлэл цацсанаас үүдэн өнөөдрөөс Сүхбаатар дүүргийн цагдаад шалгуулж эхэллээ” гэсэн мэдээ юм. Хоёр мэдээ нь эхний мэдээнд нэр дурдагдсан иргэн Ц.С нь уг мэдээлэлд дурдагдсан зүйлс үндэслэлгүй гэж үзэн цагдаагийн байгууллагад ТВ4 телевизийн эсрэг гомдол мэдүүлсэн тухай мэдээ юм. Ёс зүйн хороо хоёр гомдлыг тус тусад нь хянан үзсэн бөгөөд гомдогчийн хоёр дахь гомдол болох ТВ4 телевизийн “Ц.Сандуйтай холбоотой авлигын хэргийн мэдээлэл цацсанаас үүдэн өнөөдрөөс Сүхбаатар дүүргийн цагдаад шалгуулж эхэллээ” гэсэн мэдээ нь гомдол гаргагчийн нэрлэсэн ёс зүйн заалтаар үндэслэлгүй байна гэж үзлээ.
Харин “Сандуйгийн тушаалаар түүний бие төлөөлөл болох Гантөмөр гэгч СХД, ХУД, СБД-ийн иргэдээс 200 орчим сая төгрөг босгожээ” гэх агуулга бүхий мэдээ нь Ёс зүйн зарчмыг зөрчсөн байна. Тухайлбал, гомдол гаргагчийг олон хүнийг хамруулсан ноцтой хэрэгт буруутгаснаа баримтжуулаагүй, бусад эх сурвалжаар баталгаажуулаагүй, мэдээлэл өгсөн гол эх сурвалжтай уулзаж, эх сурвалжийн бодит эсэхийг баталгаажуулаагүй, мэдээнд сэтгүүлч хувийн үзэл бодлоо илэрхийлсэн, уг мэдээний гол эх сурвалж болж байгаа утсаар мэдээлэл өгсөн хүн ам дамжсан яриа байдлаар мэдээллийг өгч байсан ч үүнийг таамаглал гэдгийг сэтгүүлч дурдаагүй, энэ үйл явдал болсон мэтээр ярьсан, нэвтрүүлгээр буруутгагдаж байгаа хүмүүсийн тайлбарыг аваагүй зөвхөн нэг талын байр суурийг илэрхийлсэн, шүүхээр хэлэлцэгдэж байгаа, шүүхээр уг хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй байхад гэмт хэрэгтэй мэтээр харагдуулж, шууд “залилан мэхлэгч” гэж нэрлэсэн зэрэг нь мэргэжлийн ёс зүйн алдаа болсон гэж үзлээ. Эдгээр алдаанууд нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 4.2 дахь заалтууд юм.
Гурав дахь гомдол нь ТВ9 телевизээр 2018 оны есдүгээр сарын 11-ний өдрийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийн мэдээтэй холбоотой. Энэ мэдээгээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны хогийг цаг тухайд нь ачихгүй байгаа тухай өгүүлж, зарим оршин суугчийн сэтгэгдлийг оруулсан байсан. Харин энэ мэдээлэл нь үнэнд нийцэхгүй байна гэж үзэн зуслангийн хог тээвэрлэлтийг хариуцдаг ”Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ гомдол ирүүлжээ.
Гэсэн ч Ёс зүйн хороо ТВ9 телевиз мэргэжлийн ёс зүйг баримталж ажилласан, тиймээс гомдогч “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын гомдол үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа хогийг ачилгүй, овоорсон байгааг бодит дүрсээр харуулж, иргэдийн яриагаар нотолж, шүүмжлэлээ бодитой эсэхийг нягталсан байсан юм.
Холбоотой мэдээ