“Мартагдашгүй танил” булангийн энэ удаагийн дугаарт жүдо бөхийн эмэгтэйчүүдийн анхдагчийн нэг Нямаагийн Оюун-Эрдэнийг танилцуулж байна. Тэрбээр долдугаар ангийн сурагч байхдаа анх жүдо бөхийн спортыг сонгож, Спортын төв ордонд Б.Буядаа багшийн удирдлага дор хичээллэж байжээ. 1970-аад онд эмэгтэй хүн бөхийн спортыг сонгох нь ховор байсан үед Н.Оюун-Эрдэнэ нарын эмэгтэйчүүд жүдогийн хувцастай нөхөрлөж байсан түүхийг сонирхуулья.
ХӨВГҮҮДТЭЙ ӨССӨН АДТАЙ ОХИН ЖҮДОГ СОНГОЖЭЭ
Н.Оюун-Эрдэнийн аав Говь-Алтай, ээж нь Завхан нутгийнх аж. Түүний аав 1960-аад онд намын томилолтоор Өвөрхангай аймгийн Хархорины гурилын үйлдвэрт очжээ. Н.Оюун-Эрдэнэ тухай үед ой ч хүрээгүй байсан. Тэднийх есөн хүүхэдтэй өнөр өтгөн айл бөгөөд спорт, урлагт хүүхдүүд нь шамдан суралцсан гэр бүл байсан байна. Н.Оюун-Эрдэнэ олон эрчүүдийн дунд өссөн болохоор багаасаа түлээ хагалж, ус зөөдөг ажлыг хийх нэгэн байжээ. Тэрбээр хоёр эрэгтэй дүүгээ дагуулаад Орхон голоос мөс зөөдөг тухайгаа эхэлж хуучилсан юм. Түүний ээж хар ажилд сайн хүн байсан болохоор Н.Оюун-Эрдэнийг эрчүүдийн спортыг сонгоход дургүйцээгүй байна. Түүнд анхны жүдогйн хувцсыг хийж өгч охинынхоо хүсэл мөрөөдлийг хориогүй байна. Аав нь ч түүнийг хөвгүүдтэй барилдуулж, хүчийг нь шалгадаг байжээ.
АХ Н.ТУУЛАЙХҮҮГ ДАГАН ОРДОНД ОЧСОН НЬ
Н.Оюун-Эрдэнийн гэр бүлийнхэн 10 гаруй жил Өвөрхангайд амьдарсны эцэст Улаанбаатарт иржээ. 14-р сургуулийн долдугаар ангийн сурагч Н.Оюун-Эрдэнэд мөрөөдлөө биелүүлэх эхлэлийг ээжийнх нь боксчин дүү анх тавьжээ. Түүнд Спортын төв ордонд эмэгтэй хүн барилдаж байна гэсэн мэдээллийг өгснөөр ах Н.Туулайхүүгээ /өдгөө УДБЭТ-ын ерөнхий удирдаач/ шалсаар байгаад хүслээ биелүүлж чадсан гэдэг. 1979 оны өвөл Б.Буядаа багшийн шавь болсон охидын нэг нь Н.Оюун-Эрдэнэ. Тухайн үед уулын спортын Цэцэгмаа нарын дөрвөн эмэгтэй тамирчдыг Б.Буядаа багш жүдогийн өмсгөл өмсүүлж татамин дээр гаргаж байсан байна. Ингэж эрчүүдийн гэгдэж байсан спортыг эмэгтэйчүүд сонгож, жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлжээ. Тухайн үед япон эмэгтэйчүүд барилдаж байсан зурагтай сэтгүүл охидын хувьд том бэлэг байсныг хуучилж байв.
ШИГШЭЭ БАГИЙН БЭЛТГЭЛЭЭС ХӨӨГДСӨН ТҮҮХ
Спортын төв ордонд хичээллэж байсан жүдо, самбо бөхийн шигшээ багийн бэлтгэлд ганц эмэгтэй байсан нь Н.Оюун-Эрдэнэ. 1980 онд Ч.Насантогтох шигшээ багт багшаар ирж, Б.Буядаа багш “Хөдөлмөр” нийгэмлэгт очжээ. Гэтэл ганц эмэгтэй Н.Оюун-Эрдэнийг хөвгүүдтэй барилдуулахгүй гэж бэлтгэлээс хассан байна. Гэхдээ тэр Б.Буядаа багш дээрээ “Хөдөлмөр” нийгэмлэгт хичээллэх болжээ. Мөн түүнтэй адил жүдогоор хичээллэхийг хүссэн олон охид нэмэгдэж Ш.Гэрэлээ, Оюунбилэг, Эрдэнэчимэг нарын баг бүрдсэн гэдэг. Тухайн үед багш нь Намын төв хороогоор эмэгтэй багийг батлуулах гэж их явжээ. Мөн үзүүлэх тоглолтыг хийж, тухайн үеийн удирдлагуудад ойлгуулж, гадаадад тэмцээнд явах хүсэлтэй гэдгээ дуулгаж байжээ. Жүдо бөхөөр хичээллэсэн Н.Оюун-Эрдэнийн хувьд ДАШТ-д явах боломж гарсан ч бүтээгүй байна.
ГЭР БҮЛТЭЙ БОЛЖ ЖҮДОГ ТҮР ОРХИВ
Н.Оюун-Эрдэнэ 1981 онд 10-рангиа төгсөөд кино зураглаачийн ангид орохыг хүссэн ч ганц хуваарь дээр олон хүүхэд өрсөлдөж түүнд олдоогүй байна. Дараа жилийг хүлээхийг хүсээгүй түүний хувьд “Их тэнгэр”-т ажилд орж нөхөр Н.Лхагваатайгаа танилцжээ. Удалгүй тэд хүүхэдтэй болж, Н.Оюун-Эрдэнэ бэлтгэлээсээ чөлөө авсан байна. Түүний нөхөр тухайн үеийн Аюулгүй хамгаалахад ажиллаж байх үедээ байлдааны самбо бөхөөр хичээллэдэг байсан нь бага ч гэсэн бэлтгэл хийх боломж гардаг байжээ. Н.Лхагваа цагдаагийн албанд насаараа ажилласан дэд хурандаа цолтой эрхэм бий. Тэд хоёр охинтой. Айлын эзэгтэй болсон Н.Оюун-Эрдэнийн хувьд бага охиноо ой гарантай байхад нь дахин жүдогоор хичээллэхээр болсон сонирхолтой түүхтэй.
27 НАСАНДАА ДАШТ-Д ЯВАХ БЭЛТГЭЛ ХИЙСЭН НЬ
Гэртээ удаан суусан Н.Оюун-Эрдэнэ жүдогийн бэлтгэлээ хийхийг хүссээр байж. Спортын төв ордонд эмэгтэй хүүхдүүд жүдогоор хичээллэж байна гэсэн мэдээг авсан түүний хувьд бага охиноо ой гарантай байхад нь бэлтгэлдээ дахин оржээ.
1988 онд Ч.Машбат багш арван жилийн дунд сургуулийн эмэгтэй сурагчидтай жүдо бөхийн дугуйланг хичээллэж эхлүүлжээ. Н.Оюун-Эрдэнэ тэр үед 27 нас хүрчихсэн, хоёр хүүхдийн ээж болчихсон байсан ч бэлтгэл хийхийг хүссээр очжээ. Гэхдээ Ч.Машбат багш түүнийг багтаа авсан байна. Ш.Долгор, Ш.Ариунаа нарын охидтой ДАШТ-д явах бэлтгэлийг эрчимжүүлж хийжээ. Жүдогийн охид үзүүлэх тоглолт хийгээд ч Төв хорооноос АНУ явах зөвшөөрөл авч чадаагүй гэдэг. Энэ үед Н.Оюун-Эрдэнийн хувьд гэр бүлээ бодж, жүдогийн бэлтгэлдээ дахин очоогүй байна.
Монголын охид барилддаггүй тэртээ 1978 онд Самбо, Жүдогийн спортоор анхлан хичээллэж өнөөгийн зуу зуун охидыг бөхийн спортоор хичээллэх алдрын замыг өөрийнхөө амьдралын залуу насаар зоригтой туршиж, тууштай хичээллэж бөхийн спортын түүхэнд "МӨС ЗҮСЭГЧ" – ийн үүрэг гүйцэтгэж явахдаа эмэгтэй хүн эрчүүдтэй адил барилдаж болно гэж хэн ч сэтгэлдээ хүлээн зөвшөөрч сэтгэж ч чадаагүй олон зуун жилийн турш уламжлан ирсэн хэвшмэл сэтгэлгээтэй байсан "найдваргүй" үед хожим өөрөө эмэгтэй тамирчинтай ажиллах магадлалыг тооцоолж, төсөөлж чадаагүй жүдо, самбогийн зарим дасгалжуулагч нарт адлагдаж хүртэл явсан жинхэнэ АНХДАГЧ нь мөртлөө алдар хөөцөлдөөгүй Н.Оюун-Эрдэнэ.
СТАНЦАД АЖИЛЛАХ ҮЕДЭЭ БАЛДАН ӨВГӨНД ЗАГНУУЛСАН НЬ
Спортоо орхиж, гэр бүлдээ анхаарал хандуулах болсон Н.Оюун-Эрдэнэ гуравдугаар цахилгаан станцад ажилд оржээ. Түүний хийх ажил эрчүүдийн хийдэг воган буулгах ажил. Гэхдээ тэр шантралгүй энэ албанд 30 жил шөнийн ээлжинд зүтгэж “гавьяа”-ны амралтандаа гарчээ. Н.Оюун-Эрдэнэ нэгэн удаа станцын ажил танилцуулах үеэр жүдогийн охидыг авчирч үзүүлэх тоглолтыг хийсэн нь тухайн үед багагүй зэмлэлд өртсөн гэдэг. Эмэгтэй хүн барилдана гэдэг ойлголт бүрхэг байсан тэр үед тэднийг сайнаар хүлээж авах нь ховор байжээ. Станцад болсон үзүүлэх тоглолтын дараа Балдан өвгөн Н.Оюун-Эрдэнийг “Чи яасан замбараагүй хүүхэд вэ. Хэзээ эмэгтэй хүн барилдаж байсан юм.” загнаж байжээ. Гэхдээ тэр үнэхээр спортын хүн юм. Хэдийгээр амьдралын эрхээр станцын ажилтан болсон ч түүний хүсэл мөрөөдөлд жүдогийн амьдрал байсаар. Үүнийгээ ч ажил, амьдралдаа харуулсан нэгэн.
ЕРӨНХИЙЛӨГЧИД УНАХ МЭХ ЗААВ
Н.Оюун-Эрдэнийн олон сайхан дурсамжийнх нь нэгийг хуваалцая. Ерөнхийлөгч Х.Баттулга анх жүдо бөхөөр хичээллэж эхлэх үед Н.Оюун-Эрдэнэ хэдийнэ энэ спортыг сонгосон байжээ. Мөн унах мэхийг гарамгай хийдэг түүний хувьд Н.Баттулгад заасан юм багагүй байсан байна. Энэ талаар хэлэхдээ "Нэг өдөр бэлтгэл дээр бөхийн спортод хөл тавьсан нэгэн хүү ирсэн юм. Би түүнд зөв уналтыг зааж өгч байж байснаа өөрөө мартчихсан байтал Дэлхийн аварга болсных нь дараа нэг тааралдсан чинь Х.Баттулга намайг “Багшаа сайн байна уу?” гэж мэндэлсэн нь намайг цочоож билээ. Тэгээд би яагаад багш чинь болсон билээ? гэхэд Х.Баттулга “Та надад жүдо бөхийн цагаан толгой болсон уналтыг зааж өгсөн шүү дээ” гэхийг нь сонсоод гайхаж бас энэ спортоор хичээллэж бусдад хэрэгтэй явсандаа баярлах сэтгэл төрж байлаа” хэмээн дурсамж хуучлав. Түүнд ийм дурсамж яриа олон бий.
Гэтэл олон жилийн дараа Н.Оюун-Эрдэнэд дурсамж дүүрэн диплом, баярын бичгийн дунд “Анхны эмэгтэй жүдоч батламж, 2008 онд Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга” гэсэн нэгэн батламж нүдэнд туссаныг энд онцлов.
Арван жилийн сурагч байхдаа жүдод дурлаж, Спортын төв ордонд өнжиж байсан анхдагч эмэгтэйчүүдийн нэг Н.Оюун-Эрдэнэ өдгөө тэтгэвэрт гарсан ч тэмцээндээ оролцсоор байна. Тэрбээр энэ долоо хоногт жүдо, самбо бөхийн ахмадын тэмцээнээс гурван ч медаль авчээ. “Би ач, зээгээсээ бөхийн хүн гарах байх. Тэднийгээ багаас нь бэлдэж байгаа” гэж ярих энэ эрхэм жүдогийн анхдагч эмэгтэйчүүдийн нэг юм.
Холбоотой мэдээ