-ӨМНӨД ХӨРШИЙН ГЭР БҮЛҮҮД ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ТЭЭРШЭЭЖ БАЙНА-
БНХАУ 30 гаруй жилийн турш хэрэгжүүлсэн “Нэг хүүхдийн бодлого”-оо 2016 оноос албан ёсоор цуцалж, нэг өрх хоёр хүүхэдтэй байх боломжтой болсон билээ. “Нэг хүүхдийн бодлого”-ын улмаас тус улсад төрөлт жилээс жилд буурч байгаа аж.
Хятад улс “Их үсрэлтийн бодлого” хэрэгжүүлсэн он жилүүдэд ядуурал, өлсгөлөн газар авч, төрөлтийн тоо 12 сая хүртэл буурчээ. Ийнхүү төрөлтийн тоо буурсныг хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, мөн амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна.
Эдүгээ хятад хосуудад хоёр дахь хүүхдээ “хүлээн зөвшөөрөх”-д хүндрэлтэй байгаа ажээ. Хүүгээ төрөх хүртэл Чэнь Хуэцюань бүсгүй гоо сайханд орж, хувцас худалдан авч, найзуудтайгаа хөгжилдөн, мөнгөө хүссэн зүйлдээ зарцуулан, аз жаргалтай амьдарч байжээ. Одоо тэрээр шинэ даашинз ч худалдаж авах шийдвэр гаргаж чадахгүйд хүрсэн аж.
Зүүн Зянсу мужийн Сужоу хотод амьдардаг Чен ахлах сургуулийн багшаар ажиллаад сард 730 ам.доллар (5000 юань) олдог бол нөхөр нь хөрш Шанхай хотод Америкийн компанийн борлуулалтын хэлтэст сарын 2500 ам.доллар (16 мянган юань)-ын хөлсөөр ажилладаг байна.
Хоёр настай Сияна хүүгээ өсгөхдөө гэр бүлийн орлогынхоо гуравны нэгийг зарцуулдаг аж. Дээрхтэй яг ижил амьдралтай америк гэр бүлтэй харьцуулахад, америк гэр бүл хүүхэд өсгөхдөө гэр бүлийн орлогынхоо тавны нэгийг зарцуулдаг байна.
Санхүүгийн хүндрэл Чен төдийгүй сая сая хятад гэр бүлд тулгамдаж буй асуудал бөгөөд Хятадын Коммунист намын хувьд төрөлтийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай тэмцэж буйн гол шалтгаан юм байна.
Ахлах сургуулийн багш Чен "Засгийн газраас хоёр хүүхэдтэй байхыг дэмжиж буй ч хоёр дахь хүүхдийг "хүлээн зөвшөөрөх" боломжгүй гэжээ. “Нэг хүүхдийн бодлого” нь 30 жилийн турш хэрэгжсэн ч Бээжингийн хүсч байсан үр дүнг авчраагүй байна.
Тус улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, өнгөрсөн 2018 онд Хятадын хүн амын өсөлт удааширч, 15.23 сая хүүхэд шинээр мэндэлсэн нь өмнөх жилийнхээс хоёр саяар буурсан үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн 2017 онд хийсэн судалгаагаар, хятад гэр бүлүүдийн 50 хувь нь хоёр дахь хүүхэдтэй болох хүсэлгүй байгааг тогтоосон байна. Чен хэлэхдээ “Би хоёр дахь хүүхэдтэй болно гэж хэзээ ч бодож байсангүй. Хэтэрхий их зардал гарах юм” хэмээн хэлжээ.
Эдийн засгийн өсөлтийг тэргүүлэх ач холбогдолтойд тооцож буй Хятадын эрх баригч намын хувьд ажиллах хүчний тоо хумигдаж, хүн амын насжилтын асуудал толгойн өвчин болж байгаа аж. 2017 онд 240 сая гаруй хятад хүн 60-аас дээш настай байсан бол албан ёсны тоо баримтуудад хүн амын 17-гоос дээш хувийг эзэлж буйг тэмдэглэжээ. Энэ тоо 2050 он гэхэд 480 сая хүнээр өсөх аж. 2030 он гэхэд улс орны хүн ам буурах бөгөөд “Хятад улс баяжихаасаа өмнө хөгширнө” гэсэн айдас төрүүлж байгаа аж.
Эцэг эхчүүд, шинжээчдийн үзэж буйгаар Хятадад амьжиргааны төвшин огцом өсчээ. Чен “Нэг хүүхдийн төлөө эрч хүч, хөрөнгө мөнгөө зарцуулж, чадах бүхнээ хийх боломжтой юм. Одооны хүүхдүүд бидний багынхтай адилгүй байна. Бидний багад сургуульд орох чин хүсэл эрмэлзэлтэй байсан бол одоо охин маань өөрийн гэсэн хоббитой болсон” гэжээ.
Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой, тус улсын Засгийн газрын санхүүжилт нь хүнд өвчнийг эмчлэхэд хүрэлцдэггүй байна. Тухайлбал, Чений хүү хоёр нас хүрэхээсээ өмнө ходоод, гэдэсний өвчнөөр өвчилж, сард нэг удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлага тулгаржээ. Чен "Би хүүхдэдээ үргэлж сайн сайхныг өгч, сайн эмчид үзүүлж, хамгийн сайн чанартай тоглуулж, сайн боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг" хэмээн хэлсэн аж.
Тус улсын нэг гэр бүл жилд хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалд 2200 (15 мянга) ам.доллар төлдөг байна. Хубэй мужийн нэгэн хот хоёр хүүхэдтэй эхчүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ санал болгодог бол өөр нэг хотод хоёр хүүхэдтэй өрхөд 179 ам.доллар өгдөг аж.
Эдүгээ Бээжин төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд айл өрхүүдийн хүүхдийн тоонд хязгаар тавихгүй гэсэн яриа яригдаж буй юм байна. Чен хэлэхдээ “Эцэг эхчүүд хэдэн хүүхэдтэй байхаа шийдэх ёстой. Хүүхэдтэй байна уу, үгүй юү гэдэг тухайн хүний л сонголт, хувийн амьдрал. Миний хувьд нэг хүүхэд хангалттай” гэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ