Хар тамхи борлуулагчдын арга нарийсчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Хар тамхи борлуулагчдын арга нарийсчээ

Хар тамхи борлуулагчдын арга нарийсчээ

Энэ он гарсаар Гаалийн ерөнхий газар хар тамхи мансууруулах төрлийн бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан таван хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран илрүүлжээ.

Хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хагас тэрбум төгрөгийн үнэ бүхий хар тамхийг тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилжээ. Уг асуудлаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатартай цөөн хором ярилцлаа.


-Монголын иргэдээс 500 орчим сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг өнгөрсөн Мягмар гарит хураан авсан. Танайх цагдаа нарт мэдээлэл өгсөн үү ?

-Монгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан илгээмж ашиглан их хэмжээний буюу албан бусаар 500 орчим сая төгрөгийн үнийн дүнтэй метафитамин “мөс” гэж нэрлэгддэг хар тамхины төрлийн бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарлаа. Үүнийг Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хамтран илрүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоосон. Уг илгээмжийг манай улсын иргэд өөрсдийн нэр дээр захиалсан нь тогтоогдож байгаа. Бид зохих шалгалтыг явуулснаар их хэмжээний хар тамхийг илрүүлсэн. Гаалийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт сэжиг бүхий зүйл илрэх юм бол холбогдох хуульд заасан арга хэмжээг авч харьяаллын дагуу шилжүүлэх үүрэгтэй байдаг.

-Хэн гэдэг хүний нэр дээр захиалж орж ирснийг мэдээлж болох уу?

-Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна. Уг илгээмжийг АНУ-аас Монгол Улсын иргэд шуудан илгээмжээр оруулж ирсэн.

-Өнгөрсөн онд шуудан илгээмжээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэчнээн тохиолдол бүртгэгдсэн юм бэ?

-2018 оны байдлаар улс хоорондын шуудан илгээмж болон гадаад улсад зорчин явахдаа хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан 15 тохиолдлыг гаалийн байгууллага илрүүлсэн. Дээрх хэргүүдээс мариухан, канабис, канабисын тос, экстаки, ЛСД, метафитамин зэрэг бодисыг илрүүлж харьяаллын дагуу шалгуулсан байгаа юм. Харин 2019 он гарсаар шуудан илгээмжээр хар тамхи оруулж ирсэн таван тохиолдлыг шуурхай илрүүллээ.

-Хар тамхины үнэ ханшийг хэрхэн яаж тогтоодог юм бол?

-Хар тамхины үнийн дүнгийн тухайд хар тамхины хууль бус зах зээлд зарагддаг үнийг баримжаа болгон хэлдэг. Түүнээс биш албан ёсоор хар тамхины үнийг тогтоох боломж байдаггүй.

-Хар тамхитай тэмцэх чиглэлээр ямар ажил хийж, хэрэгжүүлж байна  вэ?

-Гаалийн ерөнхий газрын харьяа улсын байцаагч нар хуулийн хүрээнд хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу хяналт шалгалтыг хийж ажиллаж байгаа. Хар тамхитай тэмцэх чиглэлээр арвин туршлагатай орнуудын туршлагаас харахад зөвхөн хууль сахиулах цагдаа, тагнуул гэлтгүй гаалийн байгууллагын тодорхой чиг үүрэг бүхий албатууд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажилладаг. Гаалийн байгууллага одоогоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааг хэрэгжүүлээд харьяаллыг тогтоон цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.

-Шуудан илгээмжээр ирж буй хар тамхи мансууруулах бодис ямар улсуудаас ирж байна вэ. Шуудан хүлээн авагчийн хувьд аль улсын иргэд зонхилдог вэ?

-2018 оны байдлаар гадаадын найман улсаас манай улсад хар тамхи оруулж ирэхийг завдсан. Үүнд ХБНГУ, Испани, Нидерланд, Их Британи, зэрэг улс багтаж байгаа юм. Гаалийн байгууллагын хувьд дэлхийн Гаалийн байгууллагын гишүүн учраас бүс нутгийн гаалийн шугамаар зөрчлийн мэдээ, мэдээллээ байнга солилдог. Энэ журмаар бид ажиллаж ажилладаг. Энэ онд бүртгэгдсэн таван тохиолдлын дөрөв нь Монгол Улсын иргэд холбогдсон. Харин үлдсэн нэг тохиолдол нь Нигери улсын иргэд хар тамхи оруулж ирэхийг завдсан юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж