МҮХАҮТ-ын ерөнхийлөгч хэн болох вэ?

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч хэн болох вэ?

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч хэн болох вэ?

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ээлжит 20-р их хурал хоёрдугаар сарын 28-ны өдөр болно. Уг хуралдаанаар дараагийн Ерөнхийлөгчөө томилох учиртай. Одоогоор МҮХАҮТ-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр Б.Лхагважав ажиллаж байгаа бөгөөд тэрбээр улиран сонгогдохоор нэр дэвшээд байгаа юм. Тэгвэл түүнтэй өрсөлдөхөөр CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нэр дэвшихээ мэдэгдээд буй.

Дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч, Танхимын дарга, МҮХАҮТ-ын орлогч дарга, Танхимын ерөнхий нарийн бичгийн дарга нараа сонгодог бөгөөд 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хуралдсан 19-р их хурлаар Б.Лхагважав хамгийн олон санал авч, Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч болж байжээ. Харин одоо даргаар нь М.Оюунчимэг, орлогч даргаар М.Сарандаваа, Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Оюунтэгш нар ажилладаг юм байна.

2014 онд болсон Их хурлаар танхимын Ерөнхийлөгчид С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар өрсөлдөж, Б.Лхагважав сонгогдож байжээ.

Эгнээндээ 3,500 орчим аж, ахуйн нэгжийг нэгтгэсэн МҮХАҮТ-ийн Удирдах Зөвлөлийн дарга, Танхимын дарга, Орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарт нэр дэвшигчдийн материалыг хурлаас хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 26-ныг хүртэл хүлээн авах юм байна. Мөн хурлаар Удирдах зөвлөл дүрэмдээ мөн өөрчлөлт оруулах, удирдах албан тушаалтнуудыг Удирдах зөвлөлийн 75 гишүүний саналаар сонгох бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэг хүн нэг удаа улиран сонгогдох эрхтэй буюу найман жил ажиллах боломжтой аж.

Ч.ГАНХУЯГ VS Б.ЛХАГВАЖАВ

Одоогоор МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёр хүн нэр дэвшиж, өрсөлдөхөө албан ёсоор зарлаад буй. Түүний нэг нь одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважавын бөгөөд түүний хувьд “Урбанек”-ийн үүсгэн байгуулагч, Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн, МАН-ын гишүүн, УИХ-д хүртэл нэр дэвшиж явсан удаатай. Гэвч тэрбээр 2014 оны МҮХАҮТ-ын их хурлаар олонхын санал авч, дөрвөн жил удирдсан. Харин олон нийтийн зүгээс түүний гардан хийсэн НӨАТ-ын урамшууллын үр дүнг өнөөдөр ч амсч, далд эдийн засгийн тодорхой хувийг ил болгож, эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулсан. Тэрбээр, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн хувьд юуны өмнө хууль тогтоомжийг сайжруулах, тодруулбал эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулахаас ажлаа эхэлж цаад агуулгаар татвартай холбоотойгоор улс орны хэмжээнд санхүүгийн шинэчлэл хийгдэж ингэснээр тулгараад буй хямралаас хурдан, бага хохирол амсан гарах боломж бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэдгээ томилогдсоныхоо дараа хэлж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд түүний хийсэн ажил, дэвшүүлсэн санал бизнесийн салбарынханд хэрхэн өгөөжөө өгсөн бэ гэдэгт энэ удаад дүнгээ тавиулна. Хэрэв тэр сайн ажилласан бол улиран сонгогдох боломжтой.

Түүнтэй өрсөлдөнө гэдгээ зарлаад байгаа “Хас”-ын Ч.Ганхуягийн хувьд CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж, сүүлийн үед Монгол Улсын бизнес эрхлэх орчин дордож, амжилтад хүрсэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг популист улстөрчид унагаж байгааг дурдаад бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ хувийн хэвшлийн нийтлэг арх ашгийг хамгаалж чадахгүй байгааг шүүмжилжээ. Тиймээс бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүчтэй болгох үүднээс уг албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдээд сонгогдвол цалингүй ажиллах тухайгаа ярьсан байна. Тэрбээр өмнө нь Сангийн дэд сайдаар ажиллаж байсныг эс тооцвол төрд ажиллаагүй, гэхдээ МАН-ын гишүүн юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж