“Инээмсэглэл-Эерэг хандлага” 2019 эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөөдөр /2019.2.14/ эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ЭМЯ-ны 50 гаруй байгууллагын 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон ажлаа тайлагнаж, алдаа оноогоо хэлэлцэж байна.
Эрүүн мэндийн салбар өнгөрсөн онд дараах зүйлсийг амжилттай гүйцэтгэжээ.
Эрүүл мэндийн ажилтныг мэргэжлийн ур чадвар, хариуцлага, хөдөлмөрийн нөхцлийг харгалзан ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлж сувилагчийн цалингийн хэмжээг 127.0 мянгаас 183.0 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдүүлж, цалингийн ангилал, зэрэглэлийг 1-2 шатлалаар ахиулжээ.
Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг болж, 25 хүнд бөөр, 31 хүнд элэг, долоон хүнд ясны чөмөг, 15 хүнд нүдний эвэрлэг, 100 гаруй хүнд арьс нөхөх, шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.
Түүнчлэн улсын төсвийн санхүүжилтээр 163, бусад улсын Засгийн газрын санхүүжилтээр 90, нийт 253 эрүүл мэндийн ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодод сургалтанд хамруулсан байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн жор бичих эрх бүхий эмч, эмийн сан, даатгуулагч, даатгалын байгууллагын үйл ажиллагаанд цахим жорын тогтолцоог нэвтрүүлжээ.
Мөн 2018 онд үндэсний хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн нас, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн зонхилон тохиолдох зүрх судас, хавдар, сүрьеэ, БЗДХ-ыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн зохион байгуулж, нийт 52363 хүнийг хамруулжээ.
Түүнчлэн, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэн 13.9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулж нийт 413 553 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдан, 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд оруулсан зэргээр дээрх зорилтуудыг бүрэн хангаж ажилласан байна.
Харин эрүүл мэндийн салбар 2019 онд “Инээмсэглэл –Эерэг хандлага” уриа дэвшүүлэн ажиллах болсныг зарлалаа.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгиийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан – үйлчлүүлэгч – ар гэр” гэсэн гурван талт харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй, халуун сэтгэлээр хандаж ажиллахыг уриалсан юм.