Монгол Улсын гавьяат жүжигчин, “Шилдэг өнгө” продакшны захирал С.Өлзийхүүтэй ярилцлаа. Тэрбээр сар шинийн босгон дээр Ерөнхийлөгчөөс Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан билээ.
-Юуны өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе. Цагаан сараар баярын мэндчилгээнд их дарагдав уу?
-Баярлалаа. Сар шинийн босгон дээр Төрийнхөө хайр, хишгийг хүртэж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Миний зүгээс хамтран ажилладаг уран бүтээлчид болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт, ард түмэндээ баярлаж, талархсанаа илэрхийлье.
-Таны ханьтай сар шинийн баяраар холбогдоход таныг Турк улсыг зорьсон гэж байсан. Турк руу ямар ажлаар яваад ирэв?
-Би сар шинийн баярын өдөр хамаатан садантайгаа золгож, сайхан баярлалаа. Тэгээд шинийн 3-ны үүрээр Турк улсыг зориод, өчигдөр л /2019.02.12/ эх орондоо ирлээ. Өмнө нь “Нинжин сэтгэл” уран сайхны киногоо АНУ-ын таван хотод ажиллаж, амьдарч буй монголчууддаа үзүүлсэн. Энэ удаа Турк улс дахь ард түмэндээ киногоо үзүүлээд ирсэн юм. Ирэх гуравдугаар сард БНСУ, дараагаар нь Швед улс гэх мэт гадаадад байгаа монголчууддаа киногоо үзүүлэх болно. “Нинжин сэтгэл” уран сайхны кино маань Улаанбаатар хотод амжилттай нээлтээ хийж, хүмүүст их хүрсэн. Тиймээс ч гадаадад ажиллаж, амьдарч буй ар гэрийнхэндээ “Тэр киног заавал үзээрэй. Хүний амьдралд хэрэгтэй кино болсон байна” гэж хэлдэг юм шиг байна лээ.
-Зарим хүмүүс Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг танд их хожуу олгож байна гэж шүүмжлэх юм. Үүнтэй санал нийлэх үү?
-Үгүй ээ. Төрийн шагналыг тусгай өгдөг газартай. Хүн бүр өөр өөрийн ажлаа хийж байна. Тиймээс надад Монгол Улсын гавьяат цолыг оройтуулсан ч юм уу, эрт өгсөн гэж хэлэх эрх байхгүй. Юм өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Миний шагнал авах цаг хугацаа ингэж таарлаа. Харин ч би уламжлалт сар шинийн босгон дээр гавьяат цол авсандаа их билэгшээсэн.
-Сувилагчийн сургууль төгсөөд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан гэдэг. Чухам юу таныг урлагийн зам руу хөтлөв?
-Бага байхын л театрт жүжиг, кино их үзэх дуртай хүүхэд байсан. Арван жилийн 24 дүгээр дунд сургуульдаа драмын дугуйланд хичээллэж, дуу дуулах сонирхолтой байлаа. Мэдээж энэ бүхэн маань намайг урлагт сонирхолтой, хайртай болоход их нөлөөлсөн гэж боддог. Бас Бүх ард түмний урлагийн үзлэгт амжилттай оролцож, мөнгөн медаль хүртэл авч байлаа. Тэгээд л Соёл урлагийн их сургуульд суралцах шийдвэрийг гаргасан даа.
-Таны анхны дэлгэцийн дүр “Цахилж яваа гөрөөс” Монголын уран сайхны киноны Дэжид. Энэ дүрийнхээ талаар сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Би 1992 онд дөнгөж Соёл урлагийн их сургуулийг төгсөөд, Улсын драмын эрдмийн театрт хуваарилагдсан. Тэгсэн Монголын алдартай И.Нямгаваа найруулагч маань шинэхэн жүжигчин намайг тоож, Дэжидийн дүрийг өгсөн. Би одоо хүртэл И.Нямгаваа найруулагчдаа маш их баярлаж явдаг. Тэр үед би туршлага муутай, юмны нарийн учрыг олохгүй залуу жүжигчин байхад киноны баг хамт олон надад маш их тусалж, дэмжсэн. Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр гуайн “Цахилж яваа гөрөөс” бүтээл нь зууны шилдэг тууж шүү дээ. Тэр сайхан уран сайхны кинонд анхны дүрээ бүтээх хувь тохиол таарсан их азтай хүн гэж боддог. Одоо Дэжидийн дүрээ эргэн харахад их сайхан санагддаг. Заримдаа тэгдэг байж гэж бодогддог ч мундаг найруулагч нар зааж, залруулж байсан учраас гайгүй ээ. Тухайн үед “Цахилж яваа гөрөөс” уран сайхны кино маань Япон улсад зохион байгуулсан кино фестивалиас шагнал хүртэл авч байсан юм.
-Инээдмийн уран сайхны кинонуудаас “Бүтэлгүй новш” киноны дүр санаанаас гардаггүй юм?
-Тэр киног 1996 онд хийсэн байх аа. Тэр үед “Бүтэлгүй новш” киноны гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Н.Ариунболд /Бооёо/-той хамтран тоглосон шүү дээ. Бид бие биедээ дэмжиж, туслаад л тоглосон. Тэгэхэд Ц.Хүсэлбаатар маань ч гэсэн залуухан найруулагч байлаа. Кино баг тэр чигээрээ залуу уран бүтээлчдээс бүрдсэн. Тухайн үедээ “Бүтэлгүй новш” кино маань нэлээд ашиг орлоготой, сайн бүтээл болж байсан шүү.
-Драмын театрын тайзнаа тоглож байсан дүрүүдээсээ дурдвал?
-Би Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байхдаа нэг жил хоёр, гурван жүжигт дарааллан хатны дүрд тоглож байсан. “Хаан түүх” жүжгийн хатны дүр, Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора, алдарт У.В.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Капулетта, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн “Буудлын авхай” жүжиг, “Хар будаа” жүжиг, “Цусан тахилга” жүжиг, “Цагаан дарь эх” жүжгийн шулам гээд маш олон дүрүүдэд тогложээ.
-Эсрэг дүр их ховор юм шиг ээ?
-Надад эсрэг дүр байгаа. Гэхдээ харьцангуй бага шүү. “Сүүлчийн бүжиг” кинонд эсрэг дүр буюу ааштай ээжийн дүрд тоглосон. Эмэгтэйчүүд олон янзын зан араншин гаргадаг шүү дээ. Миний хувьд эсрэг, эерэг дүр гэхээсээ илүү маш сайн зохиолтой, дүрээ сайн судалж, ажилласан тэр л дүрүүд үзэгчдэд их хүрдэг. Би өөрийн тоглосон дүр болгоныг л сэтгэл зүрхнээсээ гаргахыг хичээдэг. Зарим уран бүтээлчдийг харж байхад “Гялс киноны зураг авалтад оролцоод л явчихъя” гэсэн хандлага харагддаг.
-Таны хань Ц.Хүсэлбаатар найруулагчийн тухай ярихгүй өнгөрч боломгүй. Уран бүтээлч гэр бүл бие биенийхээ хамгийн сайн туслагч, шүүмжлэгч нь байдаг биз?
-Бид хоёр анх 1989 онд Улсын драмын эрдмийн театрт “Аргагүйн эрхэнд оточ” гэдэг жүжиг үзэж байгаад танилцсан түүхтэй. Би тэр үед жүжигчин Ж.Оюундарьтай, манай хүн бас нэг найзтайгаа жүжиг үзэж явсан юм билээ. Тэгээд л жүжиг тарах үеэр “Чи чинь манай тэнд байдаг бил үү. Хоёулаа хамт харих уу” гээд л замдаа танилцаж байлаа. Өмнө нь бие биенээ таньдаг байсан ч юм яриад байдаггүй байсан юм. “Аргагүйн эрхэнд оточ” жүжиг анх Хүслээтэй маань учруулсан даа.
Хоёр биеэ олж ханилаад, сайн талд нь уусаж, муу талыг нь залруулж амьдарна гэдэг бол их сайхан. Одоо бид хоёр бараг л нэг хүн шиг болж дээ. Анх танилцахдаа хоёр өөр орчинд өсөж, торнисон хүмүүс байлаа. Ханилж суугаад эхэндээ хайрлаж, дурлалцана. Дараагаар нь үл ойлголцох асуудал гарна. Тэр бүхнийг тэвчиж, нэгнийхээ зан араншинг мэддэг болно Тэгээд л хүүхдүүдтэй болж, зорилго маань ч өөрчлөгдөөд ирдэг. Одоо болтол хамтдаа уран бүтээл хийж байна. Хүслээ маань шинэ зохиол бичих, кино хийхэд би ар талын хариуцаж ажилладаг.
-Та сүүлийн жилүүдэд телевизийн олон сериалд тоглосон. Харин өнгөрөгч аравдугаар сард нээлтээ хийсэн “Нинжин сэтгэл” киноны гол дүрд тогложээ. Энэ кинонд та олон жилийн дараа гол дүрд тоглолоо шүү дээ?
-“Нинжин сэтгэл” киноны зохиолыг олон жил бодож бичсэн. Миний хувьд их хянуур хандаж, бүх чадлаа дайчлан ажилласан. Энэ киногоороо эмэгтэйчүүдийн амьдралыг харуулж, нийгэмд хэрэгтэй санааг өгүүлэхийг хүссэн юм. Киноны маань баг хамт олны ажил маш сайн байсан. Бид өмнө нь “Аюултай харилцаа” уран сайхны киногоороо гэр бүлийн харилцаагаар дамжуулан нийгэмд мессеж өгсөн бүтээл болсон. Одоо “Нинжин сэтгэл” кино маань ч гэсэн хүний өс хонзонгийн эцсийн зогсоол бол уучлал юм гэдэг санааг өгүүлж байгаа.
-Хошин урлагийн анхдагч хамтлагийн нэг “Өнгөт инээд”-ээс олон чадварлаг жүжигчид төрөн гарсан байдаг. Одоо ихэнх нь Монгол Улсын гавьяат жүжигчин болжээ?
-Манай “Өнгөт инээд” хамтлаг олон ч кино, жүжиг, шоу тоглолт хийсэн. Мөн “Бүтэлгүй новш” инээдмийн уран сайхны киноноос эхлээд “Зугтаарай”, “Сүүлчийн бүжиг” зэрэг олон кино хийсэн. Манай хамтлагаас төрөн гарсан уран бүтээлчдийг хүмүүс сайн мэдэж байгаа. Зарим нь хошин урлагийн продакшн байгуулаад ажиллаж байна .Жүжигчдээс гадна манайхаас олон чадварлаг менежерүүд төрөн гарсан юм билээ. Саяхан “Өнгөт инээд” продакшны 20 жилийн ойн ажил хөөцөлдөөд гадуур нэг менежертэй цуг явлаа. Тэгсэн менежерийнхээ хөлийг нь гүйцэдгүй ээ. Тэгээд “Чи чинь ямар шаргуу юм бэ” гэсэн чинь “Эгчээ танай продакшнд сурсан шүү дээ” гэж хэлж байсан. Мөн бидний хийдэг байсан “12 давхар”, “Үнэнээ хэлье”, “Үнэгүй юм”, “Зөн билгийн тулаан” гээд олон нэвтрүүлэг хийж, чадварлаг компьютер графикч, зураглаачид төрөн гарсан байдаг. Маш сайн билетийн кассчин ч төрсөн байх шиг./инээв/
-Одоо “Өнгөт инээд” хамтлаг “Шилдэг өнгө” нэртэйгээр залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн. Хошин урлагийн тоглолт хийх үү?
-Бид хошин тоглолт гэхээсээ илүүтэй киноны ажилд анхаарч байна. Тиймээс продакшныхаа дэргэд “Хас фильм” гээд кино студийг ажиллуулж байгаа. Гэхдээ өнөөдрийн хувьд валентины баярт зориулсан “Зүгээр ш тээ хайраа” тоглолтод манай продакшны уран бүтээлчид очиж тоглоно.
-Хүүхдүүдээс нь охин Х.Баярмаа аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн урлагийн хүн болж байна. Ямар мэргэжлээр АНУ-д суралцаж байгаа вэ?
-Охин Х.Баярмаа маань Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Их Британи улсад киноны зохиолч, продюсер мэргэжлээр суралцаад, одоо АНУ-ын “Missouri State University” их сургуульд магистр хамгаалж байгаа. Кино зохиолыг тусгай форматаар бичдэг. Хүү маань Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан.
-Ээж хүнийхээ хувьд хүүхдүүддээ юу гэж захидаг вэ?
-Би хүүхдүүдээ хүмүүстэй эвтэй байгаарай гэж их захидаг. Хүнд худлаа хэлж болохгүй, амласан бол хэлсэндээ хүрч байгаарай. Мөн ахмад хүмүүсээ хүндэлж, сургаалийг нь сонсоорой гэдэг. Манай хүүхдүүд ахмад настай хүнээ их хүндэлдэг. Хошин урлаг хагас цэргийн зохион бйгуулалттай учраас өөрөөсөө дээд үеийнхнийгээ хүндэлж харьцдаг. Ер нь урлагийн хүний хүүхдүүд зөөлөн зан чанартай, бие даах чадвартай болсон байдаг юм шиг ээ.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ