Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр. Эл өдрийг дурлалт хосуудын өдөр ч гэж нэрийддэг. Учир нь хайр сэтгэлээ илэрхийлж, хоёр биеэ хайрлан энхрийлж, хүндэтгэн шоколад бэлэглэдэг уламжлалтай.
Манай улсад ч залуу хосууд сүүлийн жилүүдэд хайрын баярыг өргөн тэмдэглэж, хайртай хүндээ сэтгэлээ илчлэх болжээ. Хайрын баяраар улаан сарнай хамгийн их эрэлттэй байдаг. Тиймээс бид цэцгийн дэлгүүрүүдийг зорьж үнэ ханшийн талаар сурвалжиллаа.Энэхүү баярыг Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн бөгөөд Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм.
Үдийн 14.00 цагийн орчимд цэцгийн дэлгүүрээс сарнайн баглаа тэврэн гарч ирэх залуус цөөнгүй байлаа. Тэдний нэг болох М.Баярбаатар 25 ширхэг улаан сарнай боолгуулж байхтай таарлаа. Тэрбээр өнөөдөр анх удаагаа Валентин тэмдэглэх гэж байгаагаа учирлаж сэтгэл өндөр байх аж. Түүний захиалсан сарнай цэцгийн багц 65 мянган төгрөгийн үнэтэй.
Залуу хэлэхдээ “Валентинаар хүмүүс бэлэг сэлтдээ гол анхаарлаа хандуулаад байх шиг. Миний бодлоор хайртай хүндээ мартагдашгүй дурсамж үлдээх нь хамгаас чухал санагддаг” гэлээ.
ЦЭЦГИЙН БАГЛАА ДУНДЖААР 35-45 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Бид цааш цэцгийн дэлгүүрийн борлуулагч Б.Сартагтай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр “Хайрын баяр их сайхан санагддаг юм. Залуус бие биедээ халамж үзүүлж, цэцэг, бэлэг дурсгалын зүйл бэлэглэдэг их сайхан баяр юм шүү дээ. Манайд энэ баяр их дэлгэрч улам бүр хүрээгээ тэлж байгаа. Зөвхөн хос гэлтгүй залуус нэгэндээ сэтгэлээ илчлэх, урмын үг хэлэх гээд олон сайхан дурсамжийг бүтээдэг баяр гэж ойлгодог. Өнөөдрийн байдлаар улаан сарнай хамгийн их эрэлттэй байна.
Улаан сарнай нь холыг ойртуулж, хоёрыг нийлүүлж, хос хоёрыг уулзуулна гэдэг утгаараа илүү эрэлттэй байдаг юм болов уу. Өнөөдөр манай бүх салбарууд үйл ажиллагаа явуулж байгаа. Өчигдөр үдээс хойш хүмүүс сарнай их асуулаа. Одоогоор улаан сарнай гүйлгээ сайтай байна. Хүмүүсийг баярлаж байхыг харах сайхан байдаг юм. Эндээс л сайхан ажил хийж яваа гэдгээ харж байна.
Цэцгийн баглааны тухайд дунджаар нэг баглаа цэцэг 35-45 мянган төгрөгийн хооронд үнэтэй. Хамгийн дээд тал нь 99 сарнай 300 мянган төгрөгийн үнэтэй байна. Нэг ширхэг сарнай 4000-5000 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бол үйлчлүүлэгчдийн дийлэнх нь эрэгтэй байдаг” гэлээ.
Бид цааш цэцэг худалдан авахаар дугаарлаж буй залуусын сэтгэгдлийг сонссон юм.
М.ТӨРБОЛД: Би найз охиндоо хараахан бэлэг авч амжаагүй байна. Манай эгч Макаод амьдардаг. Тийм болохоор найз залуугийнх нь гэрт бэлэг аваачиж өгөх гэж байгаа юм. Мундаг агуу хайрын илэрхийлэл харагдаж байгаа биз. Валентины баяр сүүлийн жилүүдэд залуусын дунд их дэлгэрч байна. Миний бодлоор нийгмийн стресс бухимдлыг хэсэгхэн хором мартаад хайртай хүндээ сэтгэлээ илчилж, түүндээ нэг өдрийг зориулах гээд л хайр сэтгэлээ илэрхийлэх утга учиртай баяр юм” гэлээ.
У.ПЭРЭНЛЭЙЖАМЦ: Би найз охинтойгоо өнөөдөр жүжиг үзэхээр яараад явж байна. Энэ баярын ач холбогдлыг таньж мэдэхээсээ илүүтэйгээр хайртай хүндээ дурсамж бүтээх гэгээлэг баяр юм болов уу гэж боддог. Олон баяр болдог хэдий ч тэр бүхнээс гоё дурсамжийг үлдээх нь илүү чухал. Бас найз охиныгоо баярлуулах боломж тэр бүр олдохгүй шүү дээ” гэв.
А.УНДРАЛ: Би найз охиндоо цэцэг аваад явж байна. Өнөөдөр их гоё өдөр байна. Хосууд бие биеэ баярлуулдаг өдөр гэж ойлгодог. Миний хувьд сэтгэл их догдолж байна. Найз охиныгоо баярлуулах мөчийг их хүлээсэн" гэлээ.
Э.АРИУН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ