“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Шүүхээс түүнийг яллагдагчаар татан цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан бөгөөд Я.Батсуурийг ар гэрийнхэн болоод өмгөөлөгчийн зүгээс түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа гаргасан байна. Түүнийг батлан даалтад гаргасан эсэхийг эх сурвалжаас тодруулахад "Я.Батсуурийн цагдан хорио үргэлжилж байгаа. Хорих ангийн эмч нар түүнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж оношилсон тул саяхнаас Цагдан хорих 461 дүгээр ангийн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн" гэж хариуг өглөө.
АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-д зааснаар буюу албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байгаа юм. Я.Батсуурийг баривчилсан шалтгааныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанид гаргаж өгсөн 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөртэй холбоотой байж мэдэх юм гэсэн таамаг бий. Мөн УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх үеэр “Говь повер” компанид ямар үндэслэлээр 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бэ гэдэг асуудал хөндөгдөж байсан юм.
Д.ЖАРГАЛ