Эдүгээ 19 настай Шамима Бегума "Исламын улс"-ын хэт даврагчдын бүлэглэлийн гишүүнтэй 15 насандаа, Сирид очсоноосоо хойш гурван долоо хоногийн дараа гэрлэжээ. Давхар биетэй тэрбээр “Одоо би Британидаа буцаж очихыг хүсч байна” гэжээ. Эхний хоёр хүүхэд нь өвчин, хоол тэжээлийн дутагдлын улмаас нас барсан тул одоо хэвлий дэх хүүхэддээ илүү их санаа зовж буй тухайгаа “Times" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Шамима бүсгүй Британид буй ээжтэйгээ утсаар холбогдсон бөгөөд шинэ хүнээ эрүүл орчинд төрүүлж өсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд тэрбээр Кадиза Султана, Амира Абасе хоёртой Их Британиас зугтан, улмаар “Исламын улс”-ын гишүүн болсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн нь дэлхий даяар цацагдсан билээ.
Тэрбээр Сирид очсоноосоо хойш гурван долоо хоногийн дараа "Исламын улс" хэт даврагчдын бүлэглэлийн гишүүн герман залуутай гэрлэжээ. Шамима Сирийн хойд хэсэгт байрлах Ал Хоул хоргодох байранд байхдаа "The Times"-т ярилцлага өгсөн бөгөөд энд тэндгүй бөмбөг дэлбэрдэг тус газраас холдож, хэвийн амьдралаар амьдрахыг хүсч буйгаа, ямар хэцүү дэглэм, дарамт харснаа ярьсан байна.
Тэрбээр “Халифат руу орохдоо би харамсаагүй. Харин газар доорхи дарангуйллыг хараад үнэхээр цочирдсон. Тэнд маш их дарамт байдаг. Тэднийг амжилтад хүрэхгүй гэдэгт би итгэдэг” гэжээ.
Эх сурвалж: The Mirror