АПЕК-ын чуулганы дараа 300-аад машин алга болжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

АПЕК-ын чуулганы дараа 300-аад машин алга болжээ

АПЕК-ын чуулганы дараа 300-аад машин алга болжээ

Өнгөрсөн оны сүүлээр АПЕК буюу Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганыг зохион байгуулсан Папуа Шинэ Гвиней улсын цагдаа нар гурван зуугаад машины эрэлд гарчээ. Учир нь уулзалтын үеэр зохион байгуулагчид болон төрийн албан тушаалтнуудад түр хэрэглүүлэхээр өгсөн зарим машиныг өнөөг хүртэл “бүрэн бүтэн” буцааж өгөөгүй байгаа аж.

АПЕК-ын чуулганыг зохион байгуулахтай холбогдуулан Папуа Шинэ Гвиней улс гадаадын зочид төлөөлөгчдөд зориулж цөөнгүй тансаг зэрэглэлийн машиныг импортоор оруулж ирсэн байна. Гэвч тэдгээрийн 284 нь уулзалтын дараа алга болсон бөгөөд дийлэнх нь Ланд Крузер, Форд, Мазда, Пажеро байв. Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт Моресбигоос алга болсон машинуудыг олохын тулд цагдаагийн тусгай баг байгуулжээ. Харин аз болоход тэдгээрийн хамгийн үнэтэй нь буюу 100 мянган ам.долларын Мазератиг өчигдөр /2019.02.13/ олсон байна. Одоогийн байдлаар цагдаа нар есөн машиныг нь олоод байгаа боловч ихэнх нь эвдэрч, хэмхэрсэн, эд анги нь алга болсон байгаа юм.

Их Британиас 1975 онд тусгаар тогтносон, 7.3 сая хүн амтай Папуа Шинэ Гвиней улсын удирдагчид олон улсын нэр хүндтэй уулзалт чуулганыг зохион байгуулснаар олон улсын анхаарлын төвд орж, гадаадын хөрөнгө оруулалтыг татна хэмээн найджээ. Гэвч АПЕК-ыг зохион байгуулсны дараа тус улсын эдийн засаг хүнд байдалд орсон төдийгүй гадаадын улс орнуудаас эдийн засгийн тусламж авахаар зэхэж байгаа юм.

АПЕК-ын 2018 оны чуулганыг зохион байгуулах зардлын дөрөвний гурвыг нь Австрали улс гаргаж, зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Австрали, АНУ, Шинэ Зеланд зэрэг улсууд тусгай хүчнийхнээ илгээж тусалжээ.

Олон улсын хурал чуулганыг зохион байгуулахад хэт их зардал гаргаж, үрэлгэн хандсан Засгийн газраа Папуа Шинэ Гвинейн ард иргэд ихээр шүүмжилж байна.

Эх сурвалж: ВВС

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж