“Улаанбаатар хотод 2014, 2015 онд цахим газар өмчлөх ажлыг зохион байгуулсан. Гэтэл цахим газар өмчлөлтэй холбоотой ажлууд 2016 онд бүрэн зогссон. Учир нь бодит газар дээр бус зураг дээр газар төлөвлөөд, иргэдэд цахим сугалаагаар өмчлүүлсэн нь шинжлэх ухааны үндэслэлгүй ажил болсон” талаар газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөний үеэр хөндөгдлөө. Өөрөөр хэлбэл, цахимаар газар өмчлөх эрхтэй болсон иргэн газар дээрээ очтол жалга таарчихсан, амьдрах аргагүй зэрэг бэрхшээлүүд гарч ирж буй аж.
Газар өмчлүүлэхдээ хүн амьдрах бололцоотой газраа суурь судалгааг сайн хийж, зураглал гарган, төлөвлөх хэрэгтэй. Цахимаар газар олгосон газруудад судалгааны ажлуудыг хийж, төлөвлөсөн газар нутгийнхаа хэмжээг Засгийн газраар батлуулаад, өмчлүүлдэг хуультай тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр ярилаа.
Энэ мэт газар өмчлөлтэй холбоотой асуудлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөн өнөөдөр /2019.02.14/ Засгийн газрын XII байранд болж байна.
Энэ сарын 14-16-нд зохион байгуулах зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас гадна орон нутгийн газрын асуудал эрхэлсэн удирдлагууд оролцож, хэрэгжүүлэх ажлын тайлангаа хэлэлцэж байв.
Өнгөрсөн онд газар өмчлөлийн тухай хуулийн хугацааг 10 жилээр сунгасан. Одоогоор нийт хүн амын 19 хувь буюу 612 мянга гаруй иргэн газраа өмчилж аваад байна. Энэ ажил ч цаашаа үргэлжлэх гэнэ. Мөн зөвлөгөөний үеэр “Газар өмчлөлийн тухай хуульд иргэний болон ахуйн зориулалтаар нэг удаа Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй өмчлүүлдэг. Гэтэл Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь ажиллаж, амьдарч байна. Улаанбаатар хотод газар өмчлөх боломж маш бага байгаа гэдгийг мэдэж байгаа байх. Иргэд маань хуулиараа сайн дурын үндсэн дээр хөдөө орон нутагт газар өмчилж авах эрх нь нээлттэй байгаа. Зарим иргэд Газрын алба хүнд суртал гаргаснаас иргэд газраа өмчилж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Энэ нь нэг талаасаа өрөөсгөл ойлголт юм. Учир нь иргэд төвлөрөл ихтэй хотод л газар өмчлөх сонирхолтой байна” гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Д.Мөнхцэцэг: Иргэд дур мэдэн газраа томруулдаг маргаан 90 хувийг эзэлдэг

-Манай байгууллагад иргэд газрын маргаантай холбоотой асуудлаар их ханддаг. Кадастрын зураг нь газрын хэмжээнээсээ зөрөх ч юм уу. Жишээлбэл, хүмүүс газрын зөвшөөрөл авахдаа газраа хэмжүүлдэг. Дараагаар нь өөрсдөө дур мэдэн газрынхаа хэмжээг ихэсгэх тохиолдол их гардаг. Иргэдийн дунд гардаг газрын маргааны 90 хувь дур мэдэн талбайн хэмжээгээ томруулснаас үүдэлтэй байдаг. Харин сансрын зургийн хувьд тодорхой хугацаанд авдаг. Нэг өдөр сансрын зураг авахад маргааш нь нэг айл шинээр хашаа барьсан байдаг. Маргаашийн зурагт өмнөх айл нь ордоггүй байх жишээтэй. Тэгэхээр сансрын зураг байнга өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Мөн газарзүйн нэртэй холбоотойгоор газар нутгийн маргаан их үүсдэг. Бид Засгийн газрын тогтоолоор 2004 онд 214 мянган газарзүйн нэрийг батлуулсан байдаг юм. Энэ нэрс маань хугацааны явцад өөрчлөгдөж, нутгийн иргэдийн дунд нэлээдгүй маргаан үүсгэдэг. Сүүлд гэхэд Говь-Алтайд нэгэн шинэ нуур бий болсон. Тэр нуурыг нэрлэхдээ эхлээд орон нутаг санал гаргаад, түүнийг Үндэсний хороо авч хэлэлцээд дэмжвэл УИХ –аар батлуулдаг.
Э.Болорчулуун: Дүүргийн газрын албанд 20 мэргэжилтэн ажилладаг

-Иргэд газрын албыг хүнд сурталтай үйлчилдэг гэдэг. Гэтэл дүүргүүдэд ажиллаж буй газрын албаны боловсон хүчний тоо тун цөөн байдаг. Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэг гэхэд 300 гаруй мянган хүн амтай байхад газрын албанд нь 20 хүн л ажилладаг. Тэднээс үндсэн газар зохион байгуулалтаа хийдэг зургаан мэргэжилтэн л бий. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд нийслэл дэх 152 хорооныхоо сэдэвчилсэн зургийг хийж, ном болгон гаргахаар ажиллаж байна. Уг номонд хороодын нутаг дэвсгэрийн нийт хэмжээ, хэдэн хувь нь орон сууц, гэр хороолол гээд тодорхой мэдээллүүдийг нэгтгэж өгөх юм. Ингэснээр иргэд хорооноосоо газрын мэдээллийг авах боломжтой болно. Мөн өнгөрсөн онд иргэдийг эрүүл аюулгүй орчныг сайжруулах ажлын хүрээнд иргэдийн зорчих хэсгийн талбайг чөлөөлсөн. Энэ ажил 2019 онд ч үргэлжлэнэ. Мөн орон сууцны хороолол болон сургууль, цэцэрлэгийн хашаан дахь газар олголтыг хүчингүй болгосон. Цаашдаа орц гарцны асуудлыг цэгцэлж, тоосгон машины гражийг цэгцэлнэ.