Хатуу чанга дэглэмээрээ алдартай, одоог хүртэл дэлхий нийтээс тусгаарлагдан орших хаалттай, ард иргэдийнх нь үзэх харах эрх нь ч улсын хяналтад байдаг гэх Хойд Солонгос улс одоогийн удирдагч Ким Жон Уныг төрийн эрхэнд гарснаас хойш мэдэгдэхүйц өөрчлөгдөж, алхам алхмаар орчин үеийн соёлтой танилцаж байна.
Телевизээр гарч буй кино үзвэр харьцангуй чөлөөтэй болж, дэлгүүрт зарагдаж буй барааны нэр төрөл нэмэгдэн, орчин үеийн өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрүүд нээгдэж, бүтээгдэхүүний сав баглаа боодол хүртэл шинэчлэгдэж, үйлчилгээний соёл хөгжиж байгаа нь харанхуй бүүдгэр дарангуйллын дэглэмт улсад бага ч гэсэн гэрэл асааж байна гэж хэлж болохоор.
“Бидний хамгийн гол зорилго бол хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Саяхан хүндэт удирдагч Ким Жон Ун бидэнд гадаадын алдартай брэндүүдийн үйлдвэрлэж буй гутлуудыг сайтар судалж, тэдний хийж буй зүйлээс үлгэр жишээ авахыг даалгасан” хэмээн Хойд Солонгосын “Рьювон” гутлын үйлдвэрийн дарга Ким Кен Хю хэлсэн байна. Тус үйлдвэрийн үзүүлэнгийн өрөөнд барууны алдартай спорт хувцасны компаниудын үйлдвэрлэдэг шиг төрөл бүрийн өнгө загвартай гутлууд дүүрэн өржээ.
Хойд Солонгос бол яах аргагүй дэлхийн хамгийн хаалттай улс. Тус улсад амьдардаг хэн ч төр засгийн хэрэгжүүлж буй бодлого, удирдагчдыг шүүмжлэх эрхгүй, хэрэв тэгвээс хатуу шийтгэл хүлээх, магадгүй үхэх ялд ч унаж болох учир аливаа гаднын соёл тийм ч амар нэвтрэхгүй. Маш удаан аажим аажмаар нөлөөлнө.
Телевизийн салбарт өөрчлөгдсөн хамгийн чухал зүйлсийн нэг бол Хойд Солонгосын хаана ч чөлөөтэй үзэж болох цорын ганц суваг болох Улсын төв телевизээр улиг болтлоо цацагдсан үе үеийн удирдагчдыг магтан дуулсан баримтат кинонууд, үзэл суртлын ухуулга нэвтрүүлгүүдийн цагийг багасгасан явдал юм. Тус телевиз Японы эзлэн түрэмгийллийн үеийн Солонгос улсыг харуулсан “The Wild Ginseng Gatherers of the Imjin War” олон ангит түүхэн киног гаргахаа зогсоосон байна. Япончуудын эсрэг солонгосчуудын үндсэрхэг үзэл бол шинэ сэдэв биш. Харин үүний оронд Ким Жон Уны эцэг Ким Жон Илын үед бүтээгдсэн Хятадын дайралтаас эх орноо хамгаалж буй Когурёгийн үеийн Солонгос улсын тухай “The Boy General” зурагт номыг анимэйшн кино болгон сэргээж телевизээр цацах болжээ. Мөн энэ киноны сэдэвтэй гар утсанд зориулсан тоглоом ч удахгүй гарах юм байна.
Өнгөрсөн оны зургадугаар сард болсон АНУ- төрийн тэргүүн Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын анхны түүхэн уулзалтын үеэр Ким Жон Ун “Бид өнгөрсөн үеийг өнгөрсөнд нь үлдээхээр шийдсэн. Удахгүй дэлхий нийт маш том өөрчлөлтийг харах болно” хэмээн хэлсэн нь дэлхийн улс орнуудын анхаарлыг маш их татсан билээ.
Улсын нийслэл Пёньяны томоохон дэлгүүрүүдэд дэлхийн алдарт гоо сайхан, хувцасны “Dior”, цахилгаан барааны “Sony” зэрэг брэндүүдийн бараа бүтээгдэхүүн өрсөн байгааг харж болно. Мөн хятадын хямд үнэтэй имдортын бараанууд ч их байх болжээ.
Ким Ил Саны талбайд байрлах төрийн өмчийн кино театрт Энэтхэг кино гарах нь элбэг. Саяхан тус кино театрт 2009 онд нээлтээ хийж байсан Энэтхэгийн “Гурван тэнэг” инээдмийн кино гарчээ. Мөн тус улсын боловсролын сувгаар нь гадаадын янз бүрийн баримтат кинонуудыг толлилуулах болсон гэнэ. Хамгийн том номын санд нь алдарт Харри Поттерын цувралууд хүртэл байдаг бөгөөд энэ нь хүмүүсийн хамгийн их сонирхдог ном гэнэ.
Ким Жон Ун хөгжмийн салбарыг өөрчлөх эхний оролдлого нь 2011 онд дуу хөгжмийн “Моранбон” эмэгтэй хамтлагийг байгуулсан явдал байв. Солонгосын ардын армид харьяалагддаг ч хамтлагийн гишүүд нь бүгд үсээ тайруулж, богино банзал өмссөн байсан нь Хойд Солонгосчуудын хувьд үнэхээр шинэ дүр төрх байлаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын поп хамтлаг дуучид анх удаа Хойд Солонгост тоглолтоо сонирхуулж залуу удирдагч Ким тэдний тоглолтыг шимтэн үзэж байв.
Зөвхөн урлаг соёл гэлтгүй түүний өвөө болон эцгийн үед удирдагчийн мэндэлсэн өдрийг улс даяар баярын өдөр болгон сүрт жагсаал хийдэг байсан ч Ким Жон Ун өөрийн мэндэлсэн өдрийг тэдэн шиг сүр дуулиантай тэмдэглэсэнгүй чимээгүй өнгөрөөх болсон нь сайшаалтай хэрэг юм.
Ямартаа ч Ким Жон Ун төрийн эрхэнд гарснаар Хойд Солонгос улс бага ч гэсэн дэлхий нийтэд нээлттэй хандаж эхэлж байгааг олон улсын ажиглагчид, улс төр шинжээчид сайшааж байгаа юм.