“Ачтан” эмнэлэг хариуцлагаас мултрахыг санаархав

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

“Ачтан” эмнэлэг хариуцлагаас мултрахыг санаархав

Монголдоо томоохонд тооцогдох хувийн эмнэлгийн нэг “Ачтан” эмнэлэгт 2013 оны есдүгээр сард цөсний чулуу авах дурангийн хагалгаа хийлгэхдээ эрүүл мэндээрээ ноцтой хохирсон асуудлыг бид сурвалжилж байсан билээ. Хохирогч МХЕГ, НМХГ-т гомдол гаргахад “Алдаа гаргасан нь үнэн байна, Хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдүүл” гэх хариу өгсний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан юм. Уг гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас иргэн Түмэндэмбэрэлд хагалгаа хийсэн Т гэх эмчид эрүүгийн хуулийн 106.2-т зааснаар Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр  буруутгаж байгаа аж. Мөрдөн байцаалтын шатанд эмчийн буруугаас хохирогч олон удаагийн хагалгаанд орж, эрүүл мэндээрээ асар их хохиросон болох нь тогтоогдсон байна. Харин уг хэрэгт татагдсан “Ачтан” эмнэлгийн эмч Т өнөөдрийг хүртэл өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, өвчтөнийг төрөлхийн цөсний гажигтай байсан гэх зүйл ярьсан байна. Харин хариуцлага хүлээж, өвчтөнд учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй “Ачтан” эмнэлгийн удирдлагууд бүх бурууг эмч рүүгээ чихэн, хариуцлагаас мултрахыг санаархаж байна.

Хохирогч Т-ийн хувьд “Улаанбаатар сонгдо” болон Японы эмнэлэгт дөрвөн удаагийн хүнд хагалгаанд орж, зөвхөн эмчилгээний зардалд хувиасаа 100 гаруй сая төгрөг зарцуулсан аж. Энэхүү хохирлоо барагдуулахаар ийнхүү шүүхэд хандаад байгаа юм. Хэрэг прокурорын хяналтад шилжсэн бөгөөд удахгүй шүүх хурлын тов гарна. Хэрэв “Ачтан” эмнэлгийн эмч Т-ийн гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн  заалттай юм байна.

Хохирогч Түмэндэмбэрэлтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж