Такси үйлчилгээнд "халтуурчид" ноёлж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Такси үйлчилгээнд "халтуурчид" ноёлж байна

Нийслэлийн тээврийн газраас гаргасан шийдвэрээр энэ сарын 1-ээс такси үйлчилгээний үнэ эхний 1 км 1500 төгрөг, түүнээс хойших нь 1000 төгрөг болж нэмэгдсэн. Үнийн нэмэгдэл Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй такси компанид  хамаарч  байгаа юм.

Өмнө нь буюу 2013 онд такси үйлчилгээний үнийг эхний 1 км тутамд 1500, дараагийн км-ыг 1000 төгрөг болгох шийдвэр гарч байжээ. Такси үйлчилгээ эрхлэгч компаниуд эдийн засгийн чадавхи сул байгаагаас бааз сууриа бэхжүүлэх боломж олдохгүй байгаа тул зах зээлийн үнэ рүү дөхүүлж, үнийн тарифыг нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн хүсэлт гаргасныг Нийслэлийн тээврийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран судалж үзээд үндэслэлтэй хэмээн үзэж, дээрх шийдвэр гарчээ. Тухайн үед такси үйлчилгээ эрхэлдэг 16 компани байсан аж. Гэвч энэ үнийг удалгүй буулгажээ.

Харин одоо Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн тээврийн газартай гэрээ байгуулан ажилладаг есөн аж ахуйн нэгжийн 527 такси байдаг бөгөөд эдгээр такси нэмэгдсэн үнээр иргэдэд үйлчлэх эрхтэй юм.

Ажил тарах үе болоод ч тэр үү өчигдөр /2019.02.13/ 17.00 цагийн орчимд зам дагуу такси барихаар зогсож буй хүн олон байлаа. Таксины төлбөр нэмэгдсэнээс хойш такси үйлчилгээний салбарт ямар өөрчлөлт гарсныг сурвалжиллаа.

ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРААД БАЙХАД ТАКСИНЫ ҮНЭ НЭММЭЭРГҮЙ БАЙНА

Иргэн Э.Болор-Эрдэнэ

-Ихэвчлэн хувийн таксигаар үйлчлүүлдэг. Гараад гараа өргөхөд л шууд зогсдог тул дуудлагын такси хүлээх шаардлагаггүй цаг хэмнэдэг. Үнэ нь ч бусдаас хямд. Бас хол газар явахаар бол жолоочтойгоо ярилцаад, үнээ тохироод явж болно. Дуудлагын такси дуудахаар уддаг. Энэ сараас эхлэн дуудлагын такисны эхний км-ын  төлбөр нэмэгдсэн. Бензиний үнэ буураад байхад таксины үнийг нэммээргүй л байгаа юм.

ДУУДЛАГЫН ТАКСИ БАГАДАА 10 МИНУТ ХҮЛЭЭДЭГ

Иргэн Ж.Амгаланбаяр

-Дуудлагын такси дуудахаар хамгийн багадаа 10 минут хүлээх шаардлага гардаг. Дуудлагын төлбөр төлөх шаардлагатай болдог. Тиймээс хувийн таксигаар үйлчлүүлэх нь цаг хэмнэдэг. Ажил эхлэх, тарах үед бага зэрэг хүлээдэг. Түүнээс бусад үед хүлээх шаардлага гардаггүй. Үнэ нь ч боломжийн.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ЦӨӨРӨХ, ОРЛОГО БУУРАХ ЗЭРЭГ ӨӨРЧЛӨЛТ ГАРААГҮЙ

Иргэдийн сэтгэгдлийг сонсоход ихэнх нь хувийн такси сонгон үйлчлүүлдэг гэсэн юм. Харин такси үйлчилгээний компаниудад ямар өөрчлөлт гарсныг тодрууллаа. Тэд таксины төлбөр эхний км нь 1500 түүнээс хойших нь 1000 төгрөг болсноор үйлчлүүлэгчид цөөрөх, орлого буурах зэргээр ямар нэгэн өөрчлөлт гараагүй гэж байлаа. Тухайлбал, Улаанбаатар такси компанийн маркетингийн менежер М.Азжаргал “Өмнө нь албан ёсны таксины эхний км 1000, түүнээс цааших нь 800 төгрөг байсан ч иргэд үнийг мэддэггүй байсан. Одоо эхний 1 км 1500, түүнээс хойших нь 1000 төгрөг болсон. Энэ өөрчлөлтөөс хойш иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй. Үйлчлүүлэгчид цөөрөх, орлого буурах зэрэг өөрчлөлт гараагүй. Бидэнд байгаа асуудал нь албан ёсны зөвшөөрөлтэй такси дэндүү цөөн байна. Нийслэлийн тээврийн газарт бүртгэлтэй 500 гаруй такси байдаг гэх боловч үүнээс 400 гаруй нь л идэвхтэй ажилладаг. Мөн такси үйлчилгээг иргэд хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлсэн найдваргүй, сэтгэл ханамжгүй байдлаараа дүгнээд байдаг. Бас зарим такси дуудлагын аппликэйшнүүд дээр таксины км-ын үнийг 3000 төгрөг зэргээр худал мэдээлэх нь бий” гэсэн юм.

Албан ёсны зөвшөөрөлтэй таксины жолооч нь өдөрт 100 орчим мянган төгрөгийн орлоготой ажиллаж, 30 гаруй мянгыг нь шатахуунд зарцуулж, 25 мянгыг нь бааздаа өгч, үлдсэнээр нь амьдралаа залгуулдаг байна.

                                                        1000 ТӨГРӨГ БАЙХАД ХАНГАЛТТАЙ

Зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн таксины үнэ нэмэгдсэнийг хувийнхан нь далимдуулан таксины үнээ нэмээд амжжээ. Гар өргөвөл хувиараа такси үйлчилгээ эрхлэгч зогслоо. Түүнд сурвалжлага хийж яваагаа хэлэхэд зураг даруулахаас татгалзсан юм. Гэхдээ “Ажил, гэр рүүгээ явах зам дагуу зорчих хүн байвал авдаг. Бас амралтын өдөр таксинд явдаг. Зарим өдөр 5000 төгрөгийн орлоготой байдаг бол баяр ёслолын үед хамгийн ихдээ 100 гаруй мянган төгрөгийн орлоготой байдаг” гэлээ. Харин төлбөр нь километр бүр нь 1000 төгрөг гарч байлаа. Жолооч “Километр нь 1000 төгрөг байхад хангалттай” гэсэн юм.

Зөвшөөрөл авч такси үйлчилгээ эрхэлдэг компани нь сар тутамд татвар төлдөг бол хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид татвар төлдөггүй.

30-40 МЯНГАН ХУВИЙН ТАКСИ БИЙ

Судалгаанаас харахад хувиараа такси эрхлэгч буюу “халтуурчид” нийслэлд 30-40 мянга байдаг аж.  Өөрөөр хэлбэл, албан ёсны зөвшөөрөлтэй таксинаас 10 дахин их хувийн такси үйлчилж байна гэж хэлж болно. Дэлхийн жишигт 1000 хүн тутамд 3-4 такси ногдвол эрэлт хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг байна. Харин Улаанбаатарын 2500 иргэнд албан ёсны зөвшөөрөлтэй нэг такси ногдож байна. Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээс таксины тоог нэмэх боломжийн талаар лавлахад “Такси үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэн ямар ч бодлого байдаггүйтэй холбоотой” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж