Сар шинийн өмнөхөн хоёр ч цэргийн алба хаагч золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарч, энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Эдгээр хэргүүдийн сүүлийн үеийн мэдээллийг тоймлон хүргэж байна.
АМИА АЛДСАН ЦЭРГИЙН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ БАЙНА
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай Б.Алтантулга нь 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Цагдаагийн байгууллагаас талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан эсэхийг дахин нягтлахаар шинжээч томилж, үзлэг хийхээр болсон. Гэвч талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдрийг хүртэл эцэслэн гараагүй байна.
Энэ асуудлаар талийгаачийн төрсөн ах Б.Эрдэнэбатаас тодруулахад шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байна. Хуулийн хугацаа нь уржигдар/2019.02.12/ дууссан. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.
Уг хэрэг гарсны дараа Дорноговь аймгийн Зүүнбаян дах цэргийн ангийн захирагч хурандаа Д.Өлзийбаярыг ажлаас нь чөлөөлж, талийгаачийг дэглэсэн гэх хоёр ахлагчийг хэрэгт холбогдуулан саатуулаад байгаа юм. Мөн хохирогч талын өмгөөлөгчид энэ хэрэгт холбогдох хүмүүсийг шалгуулахаар Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт ханджээ.
ТУВАД АМИА АЛДСАН ЦЭРГИЙН ХЭРГИЙГ ТАГНУУЛЫНХАН ШАЛГАЖ БАЙНА
Завхан аймгаас Увс аймгийн Баруунтуруунд цэргийн албанд татагдсан цэрэг 2019 оны нэгдүгээр сарын 30-нд харуулын байрнаасаа морь унаж, галт зэвсэгтэй хил даваад алга болсон гэх дуулиан дэгдсэн билээ. Харамсалтай нь, түүнийг Тувагийн нутаг дэвсгэрээс энэ сарын 2-ны өдөр амиа алдсан байхад нь олсон. Талийгаачийг айлын мал туугаад хил давсан гэх мэдээлэл бий. Тэрбээр ангийнхаа ахлагчийн моринд өвс тавьж өгнө гэж хэлээд сураггүй болсон байдаг.
Одоогоор түүнийг гаднын нөлөөтэй амиа алдсан уу, осгосон уу, амиа хорлосон уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач алга болохоосоо хоёр хоногийн өмнө аавтайгаа утсаар яриад гэрийнхнээ санаж байгаа гэдгээ хэлжээ.
Одоогоор уг хэргийг Тувагийн тал шалгаж байгаа бөгөөд талийгаачийг тэнгэр рүү гурав буудаад, дараа нь өөрийгөө буудан хороосон байсан гэж Тувагийн талаас манайд мэдэгджээ.
Энэ хэргийг тодруулахаар бид Хил хамгаалах ерөнхий газартай холбогдоход "Хэргийг тагнуулаас асуу. Тагнуулынхан шалгаж байгаа” гэсэн хариулт өглөө. Өнөөдрийн байдлаар талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.
ТАВАН ДАВХРААС УНАСАН ХОСЫН ХЭРЭГ ХААГДЖЭЭ
Цагдаагийн байгууллагад таван давхраас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үсэрчихлээ гэх сэтгэл сэрдхийлгэм дуудлага 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр бүртгэгджээ.
Хэргийг тодруулбал, дуудлага мэдээлэл ирсэн даруйд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсгийн цагдаа нар, түргэний тэрэг, шүүх шинжилгээнийхэн хэргийн газарт очиж, үзлэг шалгалт хийжээ. Амиа алдсан гэх 22 настай М нь найз бүсгүй болох 18 настай М-ийг таван давхрын тагтнаас шидэж, дараа нь өөрөө тагтаар дээш гаран дээврээс үсэрсэн аж. Гэрчүүдийн мэдээлснээр залуу найз бүсгүйгээ хүзүүн тус газар нь хутгалж, цонхоор шиджээ. Удалгүй таван давхрын тагтаар дамжин дээш гарч унасан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тухайн өдрийн өглөө охин хичээлдээ явахаар гэрээсээ гарсан байдаг. Энэ үед түүний найз залуу болох М тосож зогсон гэр лүүгээ дагуулан явсан. Дараа нь хос хоорондоо муудалцаж, удалгүй хоёул амиа алджээ. Хэвлэлээр залуу хосыг хамтран амьдрагч гэж мэдээлж байсан ч энэ мэдээллийг ар гэрийнхэн нь үгүйсгэсэн байна.
Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас хаахаар шийдвэрлэжээ.
13 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮД ДАВЖ ЗААЛДАЖ БАЙНА
Очир төвд хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал гурван сарын өмнө болж, гэмт этгээдүүдэд бүх насаараа хоригдох ял оноосон. Харин дээрх этгээдүүд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Тэгвэл уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.02.14/ 11.00 цагт “Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”-н нэгдүгээр танхимд болохоор товлогджээ.
Шүүх хурлын илтгэгч шүүгчээр Д.Мягмаржав, О.Багшбаяр нар оролцох бол хохирогчийн талын өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр нар, яллагдагчийн талаас өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг нар оролцох аж.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ