Тайландын хааны амбицтай эгч

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Тайландын хааны амбицтай эгч

Тайландын хааны амбицтай эгч

Ерөнхий сайдын суудалд нэрээ дэвшүүлснээр Тайландын гүнж Убол Ратана олон улсын анхаарлыг татлаа. Тэрбээр ирэх гуравдугаар сард болох ерөнхий сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч Тайландын сонгуулийн хороо бүртгэхээс татгалзжээ. Убол Ратана сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь Тайландын хааны удам улс төрөөс ангид явж ирсэн уламжлалыг эвдсэнээр шүүмжлэлийн бай болсон юм. “NEWS” агентлаг ХҮМҮҮС буландаа Тайландын гүнжийг онцолж байна.

БЛИЦ

НЭР: Убол Ратана (Уболратана Ражаканя)

НАС: 67 (1951 оны дөрөвдүгээр сарын 5)

ТӨРСӨН: Швейцарийн Люзанне хот

ГЭР БҮЛ: нөхрөөсөө салсан

Убол Ратана Тайландын эзэн хаан Бхумибол Адулядежын ууган хүүхэд болон мэндэлжээ. Өдгөө түүний дүү Маха Ражиралонкорн Тайландын хаан ширээг удирдаж буй. Швейцарийн Люзанне хотод төрсөн тэрбээр амьдралынхаа ихэнх хугацааг гадаадад өнгөрүүлжээ. Тэрбээр Тайландад дунд сургууль төгссөнийхөө дараа 1973 онд АНУ-д очин Массачусеттсын технологийн институтэд математик, биохимийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцаж төгсчээ. Үүний дараа Калифорнийн их сургуульд нийтийн эрүүл мэндийн чиглэлээр мастерын цол хамгаалсан байна.

Өсвөр насандаа 1967 онд Зүүн Өмнөд Азийн Спортын наадамд оролцож, сэлүүрийн төрөлд алтан медаль хүртэж байв. Тэрбээр хааны гэр бүлийн гишүүний хувьд хар тамхины эсрэг кампанит ажил, аутизмтай тэмцэх сан зэрэг дөрвөн буяны байгууллагыг удирддаг. Тайландад эргэж ирээд телевизийн цуврал, уран сайхны хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байна. Тухайлбал, 2008 онд “Ид шид тохиодог”, 2011 онд “Би ба миний хамгийн сайн бие хамгаалагчийн түүх” зэрэг кинонд дүр бүтээжээ. Мөн телевизийн ток шоу хөтөлж, Тайландын үндэсний телевизэд нэвтрүүлэгч хийсэн. Хааны удмын бусад гишүүдийг бодвол Убол Ратана олон нийтийн сүлжээ идэвхтэй ашигладаг байна. Түүний Твиттер хаягийг 100 мянга гаруй хүн дагадаг аж.

ХАЙР ДУРЛАЛЫНХАА ТӨЛӨӨ ГҮНЖИЙН ХЭРГЭМЭЭС ТАТГАЛЗСАН

Тэрбээр Массачусеттсын технологийн институтэд суралцаж байхдаа америк оюутан Петер Женсен гэгчтэй хайр сэтгэлийн харилцаатай болж, 1972 онд гэрлэжээ. Убол Ратана харь хүнтэй гэр бүл болсноор Тайландын гүнжийн хэргэмээ хураалган АНУ-д 26 жилийн турш амьдарсан байна. Гэвч хосууд 1998 онд салж, Убол Ратана эх орондоо эргэн ирснээр Тайландын шүүхээс түүний хэргэмийг сэргээжээ. Хосууд хоёр охин, нэг хүүтэй байсан ч ганц хүү нь аутизм өвчтэй байсан ба 21 насандаа 2004 онд болсон Энэтхэгийн далайд болсон цунамийн үеэр амь үрэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж