Туркын гадаад хэргийн сайд албан ёсны айлчлал хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

Туркын гадаад хэргийн сайд албан ёсны айлчлал хийнэ

Монгол улсад суугаа Бүгд найрамдах Турк улсын Элчин сайд Мурат Карагез Монгол Турк хоёр улсын харилцаанд болох ойрын үеийн үйл явдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн жил хоёр улсын харилцаанд өндөр ахиц гарсан жил болжээ. Мөн Монгол Турк улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, хоёр улсын соёлын өдрүүдийг зохион байгуулсан болон хоорондоо визгүй зочдог болсон зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Энэ жилийн хувьд ч хоёр улсын харилцаа улам илүү өргөжих ба албан ёсны айлчлалууд болон бусад арга хэмжээнүүд зохиогдон явагдах ажээ. Үүнд

-2015 оны дөрөвдүгээр сарын 11-13 хооронд Бүгд найрамдах Турк улсын гадаад хэргийн сайд Мэвлүт Чавушолу Монгол Улсад анхныхаа айлчлалыг хийнэ. Айлчлалын хүрээнд улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, соёлын асуудлуудаар холбогдох хүмүүстэй санал солилцохоос гадна төрийн гурван өндөрлөгт бараалхана. Тэрээр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Хархорин хотод айлчилж, Эрдэнэзуу хийд болон Хархорин хотын музейг үзэж сонирхох байна.

-2015оны дөрөвдүгээр сарын 19-22 хооронд Монгол улсын Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Бүгд найрамдах Турк улсад айлчлал хийнэ. Барилга хот байгуулалтын сайд Станбул хотод зохион байгуулагдах Дэлхийн Кадастрын дээд уулзалтанд оролцоно. Мөн эдийн засгын хамтын ажиллагааны талаар уулзалт хийж, барилгын компаниудын төлөөлөлтэй уулзана.

-2015оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Бүгд найрамдах Турк улсад хүүхдийн баяр тохиодог бөгөөд баярыг тохиолдуулж Ататуркийн нэрэмжит нийслэлийн тавдугаар сургуулын хүүхдүүдийг элчин сайдын яаман хүлээн авна. Мөн тавдугаар сургуулын урд байрладаг Ататуркын хөшөөнд цэцэг өргөнө. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 15-23 хооронд Монголын авьяаслаг 13 сурагчыг Турк улсад аялуулна.

-2015 оны дөрөвдүгээр сарын 24нд Галиполийн тулалдаанд ялсны 100 жилийн ой тохионо. Тус өдрийг Турк улсад өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг ба Монгол улсад байгаа Туркчүүд ч энэ баярыг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлнэ.

-2015 оны тавдугаар сард Монгол улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Бүгд найрамдах Турк улсад айлчлал хийнэ.

-2015 зургаадугаар сард жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгод-Туркын соёлын өдрүүдийг зохион байгуулахаар ажлын төлөвлөгөө гаргаснаа танилцуулав.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж