Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2019.02.13/ “News.mn”-ийн редактор Д.Нарантуяа, Ж.Нямсүрэн “Baabar.mn”-ийн нийтлэлч Д.Батбаяр, Артъяан “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Г.Отгонжаргал, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар нартай уулзаж, улс төр болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Уг ярилцлагаас онцлох эшлэлүүдийг нь хүргэе.
Х.БАТТУЛГАД ХУЛГАЙЧИЙН НӨӨЦ Л БАЙГАА
-Ц.Элбэгдоржийг хулгайч болгож харагдуулах нь Х.Баттулгыг хулгайч биш гэж харагдуулахаас хэцүү байгаа. Тийм учраас маш их мөнгө зарж байгаа.
-Х.Баттулга 90-ээд оны үед спирт зардаг байсан. Одоо хамгийн ашигтай алтны хойноос явж байна.
-Надтай хүмүүс итгэл үнэмшлээрээ ажилладаг. Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй.
-Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм.
-Х.Баттулгын ойлгодог шударга ёс бол миний ойлгодог шударга ёс биш. Баттулга бол өөрөө Тавантолгойд орсон бол шударга ёс гэж үздэг. Надад татвар төлдөггүй бол шударга бус гэж үздэг хүн.
-Би ярих юмгүй болоод дуугүй яваад байсан юм биш. Хэрүүл хийгээд яах юм бэ гэж бодсон. Хэрүүл хийхээр цаг их бардаг л даа.
-Би Х.Баттулгад захиа үлдээгээд явсан. Нэг нь надад байгаа.
-Тавантолгойн гэх 178 хуудас материалаа нээлттэй болго. Надад ард түмнээс нуух юм алга.
-Х.Баттулга архаг хулгайчийн зан гаргаж байна. Би Батттулгын занг мэднэ ш тээ. Тавантолгой, төмөр замтай холбоотой юмаа надад үүрүүлье гэж байгаа.
-АСЕМ-аас юу ч гарахгүй байгаа. Хулгай зохион байгуулж сурсан хүний арга.
-Энэ хар нүүрсийг авдаг орон байвал шууд өгөх хэрэгтэй.
-Тэр 40 гишүүн бол Монголд гай болсон гэж боддог. Монголд дахиж тийм боломж олдохгүй.
-Х.Баттулга шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн.
-Х.Баттулга сайн зүйл хийвэл би Ерөнхийлөгчөө гэж дуудна. Тэгж чадахгүй бол Баттулгаа гэж дуудна.
-Х.Баттулга бид хоёр амин найзууд байсан.
-Путинтай үнэхээр найз юм бол төмөр замын Орост байгаа хувийг аваад ир.
-Х.Баттулга МоАХ-г булшилсан хүн.
-Х.Баттулга Монголын Ерөнхийлөгч болсон нь зөв. Ямар хүн Ерөнхийлөгч байх, ямар хүн байж болохгүйг хамгийн сайн ойлгуулж чадах хүн бол Х.Баттулга.
-Хэн Ерөнхийлөгч байж болохгүйг сайн ойлгоё гэвэл Х.Баттулгыг дахиад нэг сонгочих.
-Яг үнэндээ өнөөдөр Монгол ялна биш, Монгол ална болоод байна шүү. Би Х.Баттулгыг сайн юм хийвэл сайныг нь магтана. Надтай хийсэн ажлаараа уралд.
Т.ГАНБОЛДЫН ГЭРТ БИ ОРЖ ҮЗЭЭГҮЙ
-Монголын эдийн засаг санхүүг өнөөдөр ОУВС авч явж байна.
-Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог байх нь зөв. Гэхдээ хууль санаачлах эрхийг нь хязгаарлах хэрэгтэй.
-Гүйцэтгэх засаглалд нь эрх мэдэл өгөх хэрэгтэй.
-Х.Баттулга дагаж дуурайдаг засаглалаа Монголын төрд оруулж ирэх гэж байна. Монгол парламентын засаглалтай байх ёстой.
-Орос, Хятад сонгодог парламентын засаглалтай болсон нөхцөлд л парламентын засаглалыг өөрчлөх тухай ярьж болох юм.
-Би амьдралдаа нэг ч сонин, сайт, сэтгүүлчийг шүүхэд өгч үзээгүй. Гэхдээ Н.Алтанхуягийг өгье гэж бодоод байгаа.
-Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан хүн, үнэхээр овлигогүй.
-“Ачит эх” компани нь Н.Алтанхуягийг шүүхэд өгөөд явж байгаа юм билээ.
-Н.Алтанхуяг шиг мөнгөтэй Ерөнхий сайд байгаагүй.
-Х.Баттулга Т.Ганболд гэдэг нөхрийн нэг юман дээр нь дарчихсан байгаа. Эсвэл Х.Баттулга руу өөрөө гүйж очиж Элбэгдоржийг алаад өгье гэсэн байх.
-Би Т.Ганболдын гэрт орж үзээгүй. Би Т.Ганболдын гэрт хонож үзээгүй.
-Намайг Ерөнхийлөгч болсны дараа Т.Ганболд гэдэг хүн уулзъя, машин бэлэглэе гэж байсан.
-Т.Ганболд гэдэг хүн “ХҮН-ыг танд өгье гэж байна” гэсэн. Ганболд тийм л хүн.
-Монголын ямар ч Ерөнхийлөгч 100 жилдээ дахиж АСЕМ хийж чадахгүй.
-Ерөнхийлөгч байхдаа би 101 ажил хийсэн, 38 хууль санаачилсан. Д.Лүндээжанцан гишүүн "Ерөнхийлөгч өө, та яасан их ажил хийсэн юм бэ" гэж хэлж байсан.
-АСЕМ зохион байгуулахад Монголын төсвөөс 22 тэрбум төгрөг л зарцуулсан.
-Эрдэнэтийн 49 хувь Монголд орж ирснийг би дэмжсэн. Харин тогоондоо орж ирсэн юмыг гадагш нь зарахыг би дэмжихгүй.
-Эрдэнэт хувьд очсоноор шахаа нь багассан. Төсөвт төлдөг мөнгө нь нэмэгдсэн.
-Нэг мэдэхэд Х.Баттулга “Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэн болчихсон сууж байх вий.
-“Эрдэнэт”-ийн асуудлаар УИХ нээлттэй сонсгол хийх ёстой гэж хэлж байсан.
-Би тухайн үед Эрдэнэбилэгт ярилцлага өг гэж хэлж байсан.
-“Эрдэнэт”-ийг нэг хоёр хүн улстөржүүлсэн. Сүүлчийн цамцаа урагдтал зүтгэнэ гээд улстөржүүлсэн.
-Эрдэнэтийн 49 хувийг гадагш зарвал хулгай болно. Харин үүний оронд гуравны нэгийг төрд, гуравны нэгийг хувийн хэвшилд, гуравны нэгийг нь нээлттэй хувьцаа болгоё гэж би хэлж байсан.
-Х.Баттулга, Ц.Нямдорж хоёрын эв нэгдлийн баталгаа нь Элбэгдорж шүү дээ.
ШХАБ-Д ЭЛСВЭЛ ХАВХАНД ОРСОН ЧОНО ШИГ БОЛНО
-ШХАБ руу орно гэж гүйж байхаар гурван улсын хэлэлцээрээ л ашиглах хэрэгтэй.
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тухайд Монгол өөрийн гэсэн онцлогтой. ШХАБ-д бид ажиглагч гэдэг байр сууринаас цааш алхах ямар ч шаардлагагүй.
-ШХАБ-д элсэнэ гэдэг гар барина, бугуй барина. Тэгээд чамайг тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол хэзээ ч гарч чадахгүй.
-ШХАБ-аас Энэтхэг дуртай үедээ хаалгыг нь саваад гарч чадна. Харин бид гарах хаалгаа ч олохгүй, хавханд орсон чоно шиг болно. Нөгөө хоёр хөрш нь хоёр талд суусан анчин шиг байна. Хавханд орсон чоноо алдаг ч үгүй, хавхаа ирж авдаг ч үгүй.
-Х.Баттулга ШХАБ-ыг ломбард гэж хараад байгаа.
-Би төрд, энэ улсад хэрэгтэй бол чаддаг юмаараа тусалъя л гэж боддог.
-Форбсын мэдээгээр Х.Баттулга Монголын гурав дахь баян. Гэтэл төлсөн татвар нь хаана байна. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөгөөд гаргачихсан. Одоо дотоодын татвар төлөгчид рүү дайрч байна.
-Хонгил гэж яриад байдаг. Тийм юм байхгүй.
-М.Энхболдтой хамаарах юм надад байхгүй.
-Н.Алтанхуяг Ерөнхий сайд болохдоо “Би танд насаараа баярлаж явна” гэж хэлж байсан. Тэр үед нь би “Чи надад гомдох олон юм гарна даа” гэж хэлж байсан.
-Б.Хурц хийж байгаа ажилдаа эзэн болдог. Нүүрээ нуусан хүмүүсийн булхайг мэддэг хүн.
-Хамгийн зохимжгүй тэмцэгч бол Л.Болд. Гарч ирээд ярьж байгаа юм нь өөрийнхөө итгэл үнэмшлийн эсрэг байгаа.
-Би бол цагийн салхи яаж ч эргэсэн өөрийнхөө үзэл бодол дээр тууштай зогсож чадна.
-Надад Монголын төсвөөс хулгайлсан нэг ч юм байхгүй.
-Би уран зураг цуглуулдаг нь үнэн. Зураг цуглуулна гэдэг мөнгөтэй хүний ажил биш. Миний цуглуулгад сонины хайчилбар хүртэл байдаг.
-Улсдаа уран зургийн музей үлдээчих юмсан гэж боддог. Би 20-иод жилийн өмнө 100 зураг, 100 зураач гэсэн үзэсгэлэн хийж л байсан. Би уран зурагт сэтгэл зүрхнээсээ хайртай. Шалгах юм байвал ороод шалгаарай. Төсвийн мөнгөөр худалдаж авсан, архиваас хулгайлж авсан нэг ч зураг байхгүй.
-Би энэ төрд, энэ улсад чаддаг юмаараа тус болъё гэж байгаа юм.
-Би Монголдоо тус болоод явж байхад заавал намын гишүүнчлэлээ сэргээгээд байх шаардлагагүй. Гэхдээ дуугарах, юм ярих шаардлага гараад байна.
Posted by Elbegdorj Tsakhia on Tuesday, February 12, 2019
Холбоотой мэдээ