Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулах нь хүчирхийллийн нэг хэлбэр

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулах нь хүчирхийллийн нэг хэлбэр

Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулах нь хүчирхийллийн нэг хэлбэр

Дэлхийн өнцөг булан бүрийн үндэстэн, ястан, улс орнуудын өв соёл, зан заншил өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тэр дундаа нүүдэлчин ахуй соёлтой монголчуудын хувьд хаана ч байхгүй уламжлалын нэг бол хурдан морины уралдаан билээ.

Унаач хүүхдүүдийн гийнгоолох дуу, хурдан морины тоосонд нүд нь сэргэж, сэтгэл нь огшдоггүй монгол хүн гэж байхгүй биз ээ. Үндэсний их баяр наадам, аливаа баяр ёслолоор урин дулааны цагт л хурдан морь уралдуулдаг байсан уламжлал орчин цагт өөрчлөгдөж, халуун зун, хахир хүйтнийг ч үл тоон хурдан морины уралдаан зохион байгуулах болсон нь хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох шалтгааны нэг болоод буй.

Унаач хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох өндөр эрсдэлтэй түвшинд ордог нь нууц биш. Тэр дундаа өвөл хаврын улиралд мориноос унаж бэртэх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй. Хурдан морь унаач хүүхдийн даатгагдах хамгийн дээд хэмжээ нь 30 мянган төгрөг бөгөөд үүний нөхөн олговор нь таван сая төгрөг.

Уралдааны үеэр мориноос унаж амь насаа алдсан хүүхдийн ар гэр тэр таван сая төгрөгийг даатгалаас олгодог байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 6.20 буюу "Хүүхдийн эрхийг зөрчих"  тухай зүйлд “Хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /100 мянган төгрөг/, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  /1 сая төгрөг/ торгоно гэж заасан нь хангалтгүй юм. Иймд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг заалт оруулж өгөх шаардлагатай байгааг Хүний эрхийн үндэсний комиссынхон хэлж байна.

УНААЧ ХҮҮХЭД АМЬ НАСААРАА ДЭНЧИН ТАВЬЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ
ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ БАЙНА

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Г.Ууганбаатар:

-Хүүхдийн эрх бол хүний эрхийн үндэсний комиссын нэн тэргүүний асуудал юм. Энэ бол зөвхөн унаач хүүхдийн асуудал дээр ч яригдахгүй. Хүүхдийн эрх бол бүхэлдээ эмзэг асуудал юм. Тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, бэртэж гэмтэх нь цаашлаад амьдралын чанарт нь нөлөөлж, эрх нь зөрчигдөхөд хүргэж байна. Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулах нь хүчирхийллийн нэг хэлбэр. Яагаад гэвэл амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд ихэвчлэн хөлсөөр хурдан морь унаж байна. Эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээх үүрэг хүлээж байна шүү дээ. Гэтэл хүүхэд гэр бүлээ тэжээх үүрэг хүлээхгүй, эцэг эх нь энэ үүргийг хүлээх ёстой. Бид жил бүр 21 аймгийн Засаг дарга нарт хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх тухай зөвлөмж хүргүүлдэг боловч зөрчил гарсаар л байна.

Бид 21 аймгийн 300 гаруй суманд нууцаар хэчнээн уралдаан болж байгааг олж тогтоох боломжгүй. Зөвлөмжийг албадан биелүүлэх хуулийн зохицуулалт манай байгууллагад байхгүй. Тиймээс зөвлөмжийг жил бүр холбогдох газруудад тасралтгүй хүргүүлсний үр дүнд Засгийн газрын энэ оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын нэгний хооронд хурдан морины уралдаан, үсэргээн сунгаа зохион байгуулахыг хориглосон.

Дулааны улиралд хурдан морио уралдуулах нь нээлттэй. Гэхдээ орчин цагийн чиг хандлагад нийцүүлж бага насны хүүхдээр биш, мэргэжлийн уралдаанч нар унавал хүүхдийн эрхийн зөрчлийг бүрмөсөн таслан зогсоох боломж байна. Хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд уяачдыг 100 мянган төгрөгөөр торгож байгаа нь ямар ч үр дүнгүй. Өнөөдөр хурдан морины нэг уут тэжээлийн л мөнгө шүү дээ. Тэгэхээр энэ нь хариуцлагын шинж чанар байж чадахгүй гэж харж байгаа. Тухайн хүнийг дахин зөрчил гаргахгүй байхаар ухамсарт нь суулгасан зүйлийг хариуцлага гэж хэлнэ. Үүнээс үзвэл хариуцлагын санкцыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар хурдан морины уралдаан, түүнтэй холбоотой зохион байгуулалттай үйл ажиллагаа зохион байгуулагдаагүй байгааг албаныхан мэдэгдэж буй. Гэвч сар шинийн өдрүүдээр Хэнтий аймгийн Биндэр суманд нууцаар морины сунгаа хийж, хүүхэд гараа хөлдөөсөн гэх албан бус мэдээлэл олны анхаарлын төвд өртсөн юм.

Хүний эрхийн үндэсний  комиссоос жил бүр өвөл, хаврын улиралд хурдан морь уралдуулахгүй байх зөвлөмжийг Засгийн газар болон 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлдэг. Энэ жилийн хувьд тус байгууллагаас орон нутгуудын Засаг дарга нарт хүүхдээр хурдан морь унуулахгүй байх, нууцаар хурдан морь уралдуулсан болон гэмтэж бэртсэн хүүхдийн талаар ил тод мэдээлж байх зөвлөмжийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн гэж Хүний эрхийн Үндэсний комиссынхон хэлж байна.

Нэлээд чанга заалтаар шийтгэдэг хуультай болж байж хүүхдийн амь, эрүүл мэндээр дэнчин тавьж наадам хийдэг уяачдын хэнэггүй занг номхруулна. Хүүхдийн амь насыг санаатайгаар хохироохыг завдсан гэх үндэслэлийг хуульчилж өгөх шаардлага нэгэнт бий болоод байгаа нь хоёр настай хүүхдээ хурдан морь унуулж аархсан аав, шөнө морь уралдуулсан “Дүнжингарав 2018” зэрэг наадмаас тод харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж