Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд Норвеги улсад айлчилж, баялгийн сангаас нь туршлага судлах болжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь энэ тухай ярьсан тул ташаа мэдээлэл биш юм.
Гэтэл Засгийн газрынхны туршлага судлах гээд байгаа Норвегийн баялгийн сан монголчуудын хувьд шинэ үзэгдэл биш. Одоогоос таван жилийн өмнөөс Норвеги, Чили, Казахстан зэрэг орны баялгийн санг судалж, 2014 оноос Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хуулийн төсөл санаачилснаар УИХ-аас 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталж байв. Зорилго нь байгалийн баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилахын тулд хуримтлал үүсгэнэ. Тодруулж хэлбэл, 2030 он хүртэл уг санд ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрүүд төвлөрнө. Өнгөрсөн онд тус санд 550 тэрбум төгрөг төвлөрсөн бол энэ онд 1 их наяд гаруй төгрөг төвлөрүүлнэ. Нэг ёсны Норвегийн баялгийн сангийн жишгээр орлого төвлөрүүлж байгаа гэж хэлж болно.
Уг сан нь хуримтлагдсанаа иргэдэд бэлнээр мөнгө болгон тараах бус нийгэмд зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудаа шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт болгон зарцуулж иржээ.
Бусад улс оронд ч байгалийн баялгаас олсон орлогоор хуримтлал үүсгэж, болзошгүй эрсдэлтэй тулгарсан үед ашиглах зэргээр зорилгоо тодорхойлсон байдаг. Тэр болтол хуримтлуулснаа дэлхийн хөрөнгийн зах зээлд эргэлдүүлэн сангийн хөрөнгөө арвижуулдаг орон ч бий.
Харин Монгол Улсын Засгийн газар баялгийн сан байгуулах туршлагыг Норвегиос судлаад зогсохгүй ард иргэдэд бэлнээр мөнгө тарааж мэдэхээр байна.
Эхний удаад Тавантолгойн ордоос 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэдэд 27 мянган төгрөгийн ногдол ашиг хүртээх боломжтой тухай ярьж буй. Хэд хэдэн ордоос ногдол ашиг хуваарилах боломж бүрдэхэд мөнгөний хэмжээ нэмэгдэх нь ойлгомжтой ч иргэддээ бэлнээр мөнгө тараагаад хөгжсөн улс орон байдаггүй. Харин хуримтлуулснаа хэрэгтэй бүтээн байгуулалтад зарцуулснаар нийгмийн томоохон асуудлаа шийдвэрлэж, иргэдэд төрөөс хүрэх үйлчилгээгээ хурдан шуурхай болгосон жишээнүүд олон. Иймээс эрдэмтэн судлаачид, эдийн засагчид болон иргэдийнхээ гаргасан санаачлагыг дэмжиж, байгалийн баялгаас бий болсон орлогоо иргэн бүрт бэлнээр мөнгө тарааж цацах бус тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулбал ямар вэ. Жишээлбэл, нийслэлийн гэр хорооллыг барилгажуулж, агаарын бохирдлыг бууруулахад ашиглах, экспортын төмөр замаа барих хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгож яагаад болохгүй гэж…
Өмнө нь С.Батболдын Засгийн газар байгалийн баялгаас иргэддээ хувь хишиг хүртээнэ гээд бэлнээр мөнгө тараасан. Аманд ч үгүй, хамарт ч үгүй л юм болж дууссан.
Олсон орлогоороо том төслүүдээ санхүүжүүлээд явбал ядаж л иргэд ажилтай, орлоготой. Баялгийн санг мөнгө тараах гэж байгуулдаггүйг эрх баригчид санахад илүүдэхгүй биз ээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ