“Шилдэг хэлцэл”–ээр Монгол Улсын Хөгжлийн банк тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

“Шилдэг хэлцэл”–ээр Монгол Улсын Хөгжлийн банк тодорлоо

“BLOOMBERG AWARDS 2014”–ИЙН “ШИЛДЭГ ХЭЛЦЭЛЭЭР МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 300 САЯ.АМ ДОЛЛАРЫН СИНДИКАТ ЗЭЭЛ ТОДОРЛОО

Монгол Улсын эдийн засаг, бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Awards” гурав дахь жилдээ өнгөрсөн баасан гарагт зохион байгуулагдлаа.

Монголын эдийн засгийн чуулганы хаалтын ёслол болох энэхүү арга хэмжээ нь улс төр, бизнес, эдийн засгийн шилдгүүдийг нийт найман төрөлд шалгаруулсан бөгөөд “Bloomberg Awards”-ын нэр хүндтэй шагнал болох “Шилдэг хэлцэл”–ээр Монгол Улсын Хөгжлийн банкны 300 сая.ам долларын синдикат зээл тодорлоо.

Тодруулбал, уг синдикат зээл нь Монгол Улсын Хөгжлийн банкны хувьд анхны синдикат зээл байсан ба Монгол Улсын банкны салбар дах хамгийн өндөр үнийн дүн бүхий олон улсын синдикат зээл гэдгээрээ ихээхэн онцлогтой байсан юм. Уг синдикат зээлийг босгоход олон улсын Кредит Свисс болон Сумитомо Мицуи банкны тэргүүтэй нийт 5 банктай хамтран ажиллажээ.

Зээлийн хүүгийн хувьд “Чингис”, “Самурай” бондтой адил хамгийн бага, уян хатан, урт хугацаатай зээл юм. Хэдийгээр 2014 оны 7 дугаар сард буюу зээлийн гэрээг байгуулах, хэлэлцээр хийх явцтай давхцаж Монгол Улсын голлох эдийн засгийн үзүүлэлтүүд буурч олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд болох Мүүдийс, Стандарт Энд Пүүрсээс манай орны зээлжих зэрэглэлийг бууруулсан ч Хөгжлийн банкнаас амжилттай ажилласны үр дүнд 2014 оны 12 сарын 15-ны өдөр гэрээнд эцэслэн гарын үсэг зурсан юм.

Эдийн засгийн хүндрэлтэй тэмцэж буй сүүлийн жилүүдэд энэ их хэмжээний валютын урсгалыг эх орондоо татаж чадсан нь улсын эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулна гэж мэргэжилтнүүд  дүгнэж байна. Тухайлбал, 2014 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 500 гаруй сая ам доллар орж ирсэн бол Хөгжлийн банк 700 гаруй  сая ам долларын хөрөнгийг гадаад зах зээл дээрээс авчирсан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж