Тайландын хааны эгч, гүнж Уболратана Ражаканя Сиривадхана Барнавади ерөнхий сайдын төлөөх сонгуульд нэрээ дэвшүүлснээр дуулиан дэгдээгээд байсан бол Даваа гаригт /2019.02.11/ Сонгуулийн хорооноос түүнийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан байна.
Тайландад 2014 онд цэргийн эргэлт болсноос хойш анх удаа бүх нийтийн сонгууль зарлагдсан нь олон улсын анхаарлыг татаж байгаа бөгөөд чухал сонгууль болоход ганцхан сар дутуу байхад “асуудал” үүсгэсэн Тайландын гүнж өчигдөр /2019.02.12/ ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйжээ.
Түүнийг сонгуульд нэрээ дэвшүүлсэн явдлыг Тайландын хаан Маха Важиралонгкорн үндсэн хуулийн эсрэг үйлдэл хэмээн үзэж, буруушаасан бол Сонгуулийн хорооны зүгээс хааны удмынхныг улс төрийн амьдралаас хол байх зарчмыг дахин сануулж, сонгуульд өрсөлдөхийг нь хориглосон аж.
Ерөнхий сайдын суудалд санаархсаныхаа “ачаар” цахим орчинд алдартай болоод байгаа түүнийг зарим хүмүүс нэгэнт улс төрд эргэж ирснээс хойш хааны гэр бүлийн гишүүний хувиар ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхийг хүсчээ. Гэвч Уболратана гүнж “Би хааны гэр бүлийн гишүүний байр сууринд дахиж очмооргүй байна. Аль эрт л ингэж шийдсэн” хэмээн хариулсан байна. Гүнж Уболратана нь 1972 онд АНУ-ын иргэнтэй гэрлэсний улмаас хааны гэр бүлийн хэргэмээсээ татгалзаж, АНУ руу нүүж байжээ.
Эх сурвалж: Ройтерс
Холбоотой мэдээ